Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар авто тээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн М УНХ 12-12 дугаартай микро автобусаар хөлдөөсөн таван ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Мөн УНТ 82- 90 дугаартай “ПАЗ” автобусаар зорчиж явсан зорчигч Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас худалдаж авсан хэмээн нэг ширхэг тарваганы чанасан мах авч нийслэл рүү орохыг завдсан байна. Түүнчлэн өнгөрсөн ням гаригт Архангай аймгийн Чулуут сумаас микро автобусны нэгэн зорчигч их хэмжээний тарваганы махыг 70 литрийн саванд цагаан идээгээр далдлан хийсэн байсныг илрүүлжээ.
Хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид захиргааны арга хэмжээ авахаас гадна давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.
Т.Буянаа