Таван настай хүүгээ заазуураар зүсэж, хүнд гэмтээсэн 46 настай Н.Довчинсүрэнг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай боллоо. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгдэгчийг өмгөөлөгчтэй байх эрхтэй хэмээн үзэж хойшлуулсан юм. Хэрэгтнийг хүүгээ байнга зодож дарамталдаг байсан, хүйтэн мэс ашигласан гэсэн хоёр зүйл ангиар буруутган 7.6 жилийн хорих ял оноолоо.
Шүүх хурлын үеэр Довчинсүрэн хүүгээ хүйтэн мэсээр гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн ч байнга тарчлаан зовоодог байсан гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1 дүгээр зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн гэнэ. Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хүйтэн мэснийх нь шарх, сорви эдгэрсэн гэнэ. Эмээгийндээ ээж, дүү нарын хамт амьдарч байгаа хүүгийн ээж “Жигүүр гранд” группт ажилд оржээ.
Б.Бямба