“Лхүмбийн хэрэг-80 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хэнтий аймгийн төвд өчигдөр боллоо. Энэ арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хэнтий аймгийн ИТХ, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, дурсгалыг мөнхжүүлэх талаар хийж буй ажлаас танилцуулж, 80 жилийн өмнөх “Лхүмбийн хэрэг”-ийн учир шалтгаан, түүнд буриад монголчууд, цэргийн албан хаагчид Дотоодыг хамгаалах газар хэрхэн өртөж хэлмэгдсэн тухай болон хэргийн түүхийг нягтлан үзлээ.
Мөн хурлын хүрээнд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар ажиллаж байгаад улс төрийн зохиомол хэргээр хэл мэгдсэн Жамбын Лхүмбийн нийгэм, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой баримт түүнчлэн Зөвлөлт, Оросын түүх бичлэгт “Лхүмбийн хэрэг”-ийн асуудал хэрхэн тусгасан талаар илтгэл тавьсан байна. “Хувьсгалын эсэргүү Японы тагнуул” гэсэн ял тулгаж, “Лхүмбийн хэрэг”-ийн гурван салбарын толгойлогч, гишүүд хэмээн 2500 хүний нэрийг гаргаснаас 500 гаруй хүнийг баривчлан түүнээс 317 хүнийг шүүн тасалж, 56 хүнд буудан алах ял, 200 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих, нэг хүнд нутаг заах ял оногдуулан шийтгэж байжээ гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.