“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Б.Ганбаатар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд прокурор Л.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг шалгаж буй талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяр хэлэв. Түүнчлэн гал гарч байсныг харсан гэрчүүд болон “Нарантуул” захын удирдлага, менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг хүмүүсийг байцааж байгаа гэнэ. Сэжигтнүүдийн тухайд “Нарантуул” захын түрээслэгчид байж болзошгүй талаар албан бус эх сурвалж мэдээлэв.
ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг хэргийн газарт учир шалтгааныг тогтоох, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Б.Бямба