Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч Х-г ахлах офицер нь дарамталж, дөрвөн ширхэг зүү залгиулсан ноцтой хэрэг гарчээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат бөгөөд тус ангид хавар татагдан очсон байна. Х-гийн ойрын эх сурвалжийн хэлснээр 0311 дүгээр ангид татагдан очсон цагаасаа л офицер Б-гийн нударганы амтыг хэд хэдэн удаа үзсэн гэнэ. Түүний аав нь хүүгээ гурван ч удаа эргэхээр очиход зодуулсан байдалтай байсан аж.
Офицер Б цэрэгтээ эхлээд гурван ширхэг зүү санаатайгаар залгиулахдаа “Үхээд өг” хэмээн занаж, дахин нэгийг гаргаж ирэн залгиулжээ. Х нь зүү залгисныхаа дараа ар гэрийнхэндээ хэлсэн ч дарга нар нь “Зүү залгисан гэдэг нь худлаа” хэмээн нуухыг оролдсон байна. Х-гийн биеийн байдал улам муудаж, Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 19-нд хүргэгдэн иржээ.
Шулуун гэдсээр нь гарах магадлалтай учир эмч нар түүнд хагалгаа хийх эсэхээ шийдээгүй байсаар өнөөдөр хагалгаанд оруулахаар болсон байна.
Б.Бямба