МИАТ-ын захирлуудын холбогдсон хэргийн талаар олон нийтийн төдийлэн хөндөхгүй байгаа асуудлаар УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хэвлэлд хандлаа.
-МИАТ-ын хэрэг Таны хашиж буй албан тушаалаас хол хөндий боловч энэ талаар дуугарч байгаа тань сонирхол татлаа?
-МИАТ-ын хэрэг миний нэр дэвшсэн тойрогт болж байгаа үйл явдал шүү дээ. Тиймээс Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарын ар гэрээс надад хандсан өргөдөл ирсэн. МИАТ-ын хэргийг шүүх явцад хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн хийсэн, хийгээгүй үйлдлийг ялгаж, салгах ажил их муу байгаа. Өөр хүний хийсэн үйлдлийг гэм зэмгүй хүмүүст хамаатуулж, тэр байтугай торгууль төлбөрийг хүртэл шударга бусаар хуваарилж байна. Бид хохирогч болчихоод байна гэсэн гомдол ирсэн.
-Жишээлбэл, Ц.Орхоныг гэр бүлийнхэн нь яагаад хохирогч гэж үзэж байгаа юм бол?
- Дайны эрсдэлийн даатгалыг Ц.Орхон санаачлаагүй. Гэрээг нь байгуулаагүй, дансыг нь нээгээгүй, мөнгийг нь ч авалцаж байгаагүй. Харин дайны эрсдэлийн даатгалыг гадаад руу шилжүүлэхийг зогсоосон хүн гэнэ. Мөнгөний гадагш урсгалыг зогсоосон энэ хүн Хоролсүрэнгийн хамтрагч биш гэдгийг нотлоод байгаа юм. Үүнийг нотлох хөдөлбөргүй үндэслэл байсаар атал авч үзэхгүй байгаа гэнэ. МИАТ-ын захирлын хувьд гэрээг зогсоохоос өмнө 2-3 удаа гарын үсэг зурсанд нь хууль хяналтынхан анхаарлаа төвлөрүүлжээ.
-Тэгэхээр яагаад 2-3 удаа гарын үсэг зурсан бэ гэсэн асуулт гарч байна л даа?
-Ажил хүлээж авахад өмнөх нэхэмжлэл байж л байдаг. Өмнө нь явагдаж байсан ажил учир гарын үсэг зураад л явуулаад байсан юм билээ. Орхон “Энд нэг гарын үсэг зуруулаад байх юм. Энэ Дайны эрсдэлийн даатгалыг Ажлын хэсэг гаргаж шалгая” гэж шийдвэрлэсэн. Ажлын хэсгийнхэн шалгаж байх хооронд МИАТ компанийг олон улсын шүүхэд өгүүлэхгүйн тулд гэрээг шууд зогсоогоог үй. Уг гэрээнд зааснаар гэрээг зогсоох тал хүсэлтээ 90 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Тиймээс Орхон заасан хугацаанд нь “Энэ гэрээг цааш үргэлжлүүлмээргүй байна” гэсэн мэдэгдэл өгсөн юм билээ. Ингээд мэдэгдлийн хугацааг дуусах хүртэл ирсэн 2-3 нэхэмжлэлд гарын үсэг зурсныхаа төлөө одоо 11 жилийн ял авсан юм байна. Гэрээг зогсоосныхоо төлөө, зогсоох хугацаандаа МИАТ компанийг Олон улсын шүүхийн зарганаас хамгаалсныхаа төлөө, бизнесийн ёс зүй гаргасныхаа төлөө энэ хүн 11 жилийн ял сонсчээ. Хэргийг шалгах явцад ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх хөдөлбөргүй нотлох баримт гарч ирж болно. Тэр хүнийг гэм буруутайг, эсвэл огт гэм буруугүйг ч нотлох баримт гарч болно шүү дээ. Гэтэл гэм буруугүйг нь нотлох хөдөлбөргүй баримт байсаар байтал шүүх үүнийг авч хэлэлцэхгүй, улстөржүүлсэн том хэрэгт хоморголон яллах шийдвэр гаргалаа.
-Тэгвэл Р.Бат-Эрдэнийн гэр бүлийнхэн яагаад эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна вэ?
-Бат-Эрдэнэ бол Орхоны өмнө МИАТ-ын захирал байсан, гавьяат нисгэгч хүн. Нисгэгч гэдэг утгаараа МИАТ-ын дарга байхдаа нислэгийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж ажиллажээ. Тийм ч учраас БатЭрдэнийг удирдаж байх үед МИАТ компани Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас ирсэн шалгалтад 100 хувийн үнэлгээ авч байсан гэнэ. Ингэж нислэгийн аюулгүй байдлын үнэлгээг эрс дээшлүүлснээр сайн компанийн тоонд орсон гэдэг. Нисгэгч хүн энэ талдаа илүү анхаарч байснаас биш, эдийн засгийн гэрээний асуудалд төдийлэн нарийн орж байгаагүй аж. ТУЗ, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрсөн гэрээнүүдэд гарын үсэг зураад л явуулдаг байж. Тийм учраас ийм гэрээнүүдэд юу ч бодохгүй гарын үсэг зураад явуулсан гэж мэдүүлдэг юм байна. Ер нь эдийн засгийн аливаа гэмт хэргийн нотлох баримт нь тухайн хүний хууль бус хөрөнгө, гэнэт гарч ирсэн баялаг нь болдог. Тэгэхээр гэмт хэргийн явцад үүссэн хөрөнгийг хураах хуультай.
Бат-Эрдэнийг эдийн засгийн маш том гэмт хэрэгт холбож, асар их мөнгө угаасан гэж буруутгаж байгаа. Тэгээд энэ хүнээс хураахаар шийдвэрлэсэн орон сууц нь 1999 онд худалдаж авсан, 2004 онд байгуулагдсан компанийн 25 хувийн эзэмшлийг нь мөн хураах шийдвэр гарчээ. Мөрдөн байцаалтаар энэ хэрэг 2007 онд эхэлсэн гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, МИАТ-ын дарга болох, энэ гэрээ байгуулахаас өмнө бий болсон гэр орон, нэг компанид 25 хувь эзэмшиж байсныг хураажээ. Тэгэхээр Бат-Эрдэнийн хураалгаж байгаа хөрөнгөнөөс нотлох баримт гарч ирж байгаа юм. Юу вэ гэвэл энэ хүн хууль бусаар баяжаагүй нь нотлогдож байна. Хууль ёсоор олж авсан эд хөрөнгийг хураасан байна. Энэ нь ялгаварлан гадуурхаж байна гэсэн гомдол гэр бүлийнхнээс нь ирсэн.
-Р.Бат-Эрдэнэ хохирсон нь үнэн байлаа гэхэд ялгаварлан гадуурхаж байна гэх ямар үндэслэл байсан юм бол?
-Хэргийг шалгах явцад холбогдсон хүмүүсийн бүх хөрөнгийг битүүмжилжээ. Жишээлбэл, Хоролсүрэнгийн тухайд, эд хөрөнгийг нь хураагаад, энэ хөрөнгө хэзээ бий болсныг шалгаж, уг гэрээнд хамаагүйгээр олж авсныг тогтоовол гэмт хэрэгт холбогдолг үй гэж үзэж ялгаж, салгаад, эд хөрөнгөнүүдийг нь буцааж өгсөн гэнэ. Гэтэл Бат-Эрдэнэд гэрээнээс хойш бий болсон хөрөнгө байхгүй. Тиймээс энэ хүний хөрөнгийг бусдын адил буцааж өгөх ёстой. Хөрөнгийг нь буцаагаад өгчихвөл Бат-Эрдэнэ энэ хэрэгт холбоогүй болчихно. Эндээс түүнийг заавал хэргийн холбоотноор үлдээх сонирхол байна уу гэсэн хардлага төрж байгаа юм. Дээр нь байхгүй баялгаасаа төлөх нэг тэрбум төгрөгийн төлбөр тавьж, 12.1 жилийн ял өгсөн байх юм. Эднийх нэг орон сууц, нэг машинтай, жирийн албан хаагч айл. Ийм хүнийг улстөржсөн том хэрэгт холбогдуулж, бүх хөрөнгийг нь хураасан юм билээ. Ийм байдлаар бид гавьяат нисгэгчээ ард иргэдийг аюулгүй тээвэрлэсэн, нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангаж ажиллуулсных нь төлөө шийтгээд сууж байна.
Хэвлэл мэдээлэл энэ талыг нь сөхөхгүй, зөвхөн буруутгах өнгө аясаар ярьж буй учир нийгэмд үгээ хүргэх боломж олдохгүй байна гэж Орхон, Бат-Эрдэнэ нарын ар гэрийнхэн надад хандсан. Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд, хүний эрхийг хамгаалахын тулд дуу хоолойгоо хүргэдгийн хувьд ч тэр хэргийг шалгах явцдаа тогтоосон хөдөлбөргүй нотлох баримтуудаа тухайн хүнээ өмгөөлөх талд нь ашиглаач ээ гэж шүүхийнхэнд уриалмаар байна. Өмг өөлж болох хангалттай нотлох баримтуудыг үл харгалзан, хүндрүүлэх талын нэг хоёр сэжүүрийг ноцтой баримт болгосоор байгаад бид гавьяа байгуулсан, тус болсон хүмүүсээ шоронд хорьж байгаа юм биш биз дээ.
-МИАТ-ын хэрэгт холбогдогчид нийлж, их хэмжээний мөнгө угааж, хууль бусаар баяжицгаасан гэж олон нийт ойлгож байгаа. Хууль хяналтынхан ч ийм ойлголтыг улам бүр лавшруулж байх шиг?
-Тийм ээ, хэвлэлээр нэг талыг нь л ярьж, шуугиж байна. Орхон зүрхний эмч, Бат-Эрдэнэ онгоцны үйлчлэгч эхнэртэй. Тэд тэнгэр цэлмэг байгаасай, осол эндэгдэл битгий гараасай гэж залбирч явдаг эгэл жирийн хүмүүс. Бүгд л хүний аятай тухтай байдлыг хангахын төл өө зүтгэдэг үйлчилгээний ажилтнууд юм байна. Бат-Эрдэнийн эхнэр “Нөхрийгөө өмөөрөөд ярих гэхээр гомдоод, хоолой бөглөрөөд ярьж чадахгүй байна” гээд уйлж байсан. Бат-Эрдэнэ Монголын тэнгэрийг амгалан тайван болгохын төлөө ажил хөдөлмөрөө зориулсан хүн. Миний нөхөр Монголд нислэгийн аюулгүй байдал хангагдаагүй үед аюултай нислэгүүд хийж байгаад осолдсон олон нисгэгч нарын нэг шүү дээ.
-Энэ хэрэгт гол буруутай этгээдүүд байгаа шүү дээ?
-Хоролсүрэн бол “Надад бүх юм нь байгаа. Бүгд мөнгө миний дансанд орсон, одоо ч миний дансыг уудалбал байгаа. Би бүгдийг төлье” гэж мэдүүлэг өгсөн гэдэг. Гэтэл шүүхийнхэн “Үгүй ээ, Хоролсүрэн та бүгдийг төлөхгүй. Та хагасыг нь төл. Талыг нь хэрэгт холбогдсон хүмүүсээс нэг нэг тэрбумаар нь төлүүлнэ” гэж шийдээд байна гэнэ. Эндээс анхан шатны шүүх МИАТ-ын хэргийг бүлэглэн үйлдсэн хэрэг гэж харуулах сонирхолтой. Бүлгээр нь шийдэж, хүмүүст ижил тэгш ял оноож, Хоролсүрэнгийн эдлэх ял, үүрэх төлбөрийг хуваалцуулах сонирхолтой байх шиг. Залилан шүүхийн түвшинд ч гарч, мөнгийг нь, шийтгэлийг нь ч залилж хувааж байршуулаад байна гэсэн хардлага гэр бүлийнхэнд нь үүсчээ. Одоо л дуугарахгүй бол эрх нь дэндүү зөрчигдөж байна гэж ар гэрийнхэн нь санаа зовж байна.
Э.Энхмаа