Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч О хэмээх эмэгтэй өөрийгөө боож, амиа егүүтгэсэн хэрэг энэ сарын 13-нд гарсан. Тэрбээр наймдугаар сарын 12, 13-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд амиа хорлосон шалтгаанаа бичсэн гэрээслэлийг ажлынхаа өрөөнд үлдээсэн гэнэ. Цагдаагийн ажилтнууд эрэн хайх үйл ажиллагаа явуулсны эцэст 14-ний өдөр Баянзүрхийн товчооны орчмоос цогцсыг нь олсон байна.
Хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Амиа хорлосон эмэгтэй 26 настай. Баянзүрхийн гүүрний ойролцоо байдаг Адам, Ева хоёрын хөшөөний орчмоос өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон гэсэн. Ар гэрийнхэн нь амиа хорлосон гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэдний ярьж буйгаар дарга нар нь дарамталснаас болж ийм шийдвэр гаргахад хүрсэн байх хэмээн таамаглаж буйгаа мэдэгдсэн.
О-гийн бичсэн гэрээслэлийг мөрдөн байцаагчид шалгаж байна. Тэрбээр энэ сарын 2-нд судсаа ханахыг оролдож байсан. Талийгаачтай хамт ажилладаг байсан хүнээс энэ талаар лавлахад “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэн нь тогтоогдоно биз. Манайд ажилд ороод найман сар болж байсан” гээд өөр мэдээлэл өгсөнгүй.
Б.Бямба