“Жаст” группийн ерөнхийлөгч, “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон байна. Энэ талаар тодруулахаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчтай уулзахаар 15.00 цагийн үед очиход тэнд Ш.Батхүү байцаалт өгөхөөр ирсэн байв. Мөрдөн байцаагч Э энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гээд өрөөнийхөө хаалгыг түгжлээ.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж нийт 109 сая ам.доллар зээлсэн гэж мэдэгдээд байгаа. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг энэ хэрэгт холбогдуулан өнгөрсөн тавдугаар сараас шалгаж эхэлжээ. Тэгвэл “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсны дараа Ш.Батхүү хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа холбогдох албан тушаалтны гарын үсгийг засаж янзалсан” гэж ярьсан юм.
Тиймээс УМБГ-аас Ш.Батхүүг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгээд буй аж.