Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлээд байсан билээ. Улсын яллагч дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Энэ асуудлыг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа юм.
Харин Ч.Гансүхийн хүү Г.Энхбатын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байгаа бөгөөд түүнийг уржигдар Хорих 461 дүгээр ангиас Зүүнхараагийн хорих анги руу шилжүүлжээ.
Б.Сүрэн