Баянзүрх дүүргийн XI хороо, төмөр замын 416 дугаар гарам дээр уржигдар ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар өмнөх дугаартаа бид нийтэлсэн. Ослын улмаас хоёр зүтгүүр, гурван вагон замын хажуу руу унаж, дөрвөн хүн хүнд бэртсэн. “Камаз”-ын жолоочийн биеийн байдал дээрдэж, уржигдар орой ГССҮТ- өөс гарсан байна. Мөн галт тэрэгний машинист, туслах машинист, ачаа хамгаалах үүрэгтэй ажилтан Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлэхээр болжээ. Тус бүр нь 6-8 тонн жинтэй галт тэргийг “Улаанбаатар төмөр зам”-ын Замын аж ахуйн албаны техник хэрэгсэл өргөж дийлээгүй учир МАК, “Моннис”, “Нью прогресс” группийн 100-200 тоннын даацтай өргөгч краныг дайчилсан байна.
Унасан зүтгүүр, вагоныг Зүүнхараа дахь ачааны вагон депо руу хүргүүлжээ. Ослын улмаас 200 гаруй метр замын дам нуруу эвдэрснийг замчид тухайн өдрийн 22.15 цагт бүрэн засварлаж дуусгаснаар галт тэрэг хэвийн зорчих боломж бүрдсэн байна. “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр хариуцсан замын орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Өчигдөр нийт 11 галт тэрэгний хөдөлгөөн саатсан. Манай байгууллагын зүгээс Замын- Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд явсан зорчигчдыг автобусаар нийслэлд авчирсан. ЗТЯ, “Улаанбаатар төмөр зам”, “Эсто” компани хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ослын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Шүүх хяналтын байгууллага хохирлыг хэн барагдуулахыг тогтооно” гэв.
Зам тээврийн сайд А.Гансүх “Эсто” компани гэрээнийхээ дагуу ажиллаагүйн улмаас гармын хаалтыг хуваариас өмнө нээснээс болж осол гарсан. Тус компани хариуцлага хүлээх болно. “Эсто” компани Богд уулын ард зам барилгын ажил хийж байгаа учраас “Бид энэ гармын аюулгүйн байдлыг бүрэн хангаж ажиллана” гэсэн гэрээг УБТЗ-тай байгуулсан юм. Гэрээ арванхоёрдугаар сард дуусах байсан. Гэрээг цуцалж, “Улаанбаатар төмөр зам” энэ гармыг хариуцахаар болсон” хэмээн өчигдөр өөрийн “Твиттер” хуудсандаа бичжээ.
Т.Сайнбуян