Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Төмөр замын VIII гарам дээр өчигдөр 07.20 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачааны галт тэрэгний урдуур “Эсто” компанийн “Камаз” орсноос ноцтой осол гарав. Осол болсон газарт 11.00 цагийн үед очиход зүтгүүрийн хоёр вагон хажуу тийш унасан, ачааны гурван вагон эвдэрсэн байлаа. Мөн гармын дагуух цахилгааны дөрвөн шонд гэмтэл гарч, 200 гаруй метр замын дам нуруу хуулагдсан байв. Галт тэргэнд машинист, туслах машинист, ачаа хамгаалах үүрэгтэй гурван хүн сууж явжээ. Тэдний хоёр нь хүнд, нэг нь хөнгөвтөр гэмтэл авсан бол “камаз”-ын жолооч нэлээд хүнд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн байна. Ослын талаар Улаанбаатар төмөр замын Замын тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас тодруулав.
-Богд уулын арын замд засварын ажил гүйцэтгэж байсан “Эсто” компани энэ оны арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл тухайн гармыг бүрэн хамгаалах зөвшөөрлийг манайхаас авсан юм. Гармыг өглөөний 08.00 цагт нээх байсан. Түүнээс цагийн өмнө нээсэн нь ийнхүү осол гарахад хүргэсэн. Осол гарсан гарамд ажиллах ёстой хоёр жижүүр ээлжийн амралтаа авч, төмөр замын мэдлэггүй хүн тэнд ажиллаж байсан юм билээ. Тухайн хүн амралтгүйгээр 72 цаг ажилласан байсан.
-Ослын улмаас ямар хохирол гарсан бэ. Одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Зүтгүүрийн вагон нь Улаанбаатар төмөр замын мэдлийнх. 2011 онд 4.2 сая ам.доллараар худалдаж авсан. Нэг зүтгүүрийн шатахуун нь асгарч, дахин ашиглах боломжгүй болсон. Харин ОХУ-ын төмөр замын эзэмшлийн гурван вагон юу ч үгүй эвдэрсэн. Одоогоор Зам тээврийн яам, ОХУ-ын төмөр зам, Улаанбаатар төмөр замын холбогдох албаны 200 гаруй хүн тэнд ажиллаж байгаа. Осол гарсан замыг чөлөөлөхөөр Улаанбаатар төм өр замын Замын аж ахуйн албаны танк, өрг өгч кранаар вагоныг зөөвөрлөж байна. Мөн өнөөдөр 200 гаруй метр зам засварын ажил хийж дуусгана.
-Тус замаар зорчих ёстой хуваарьт галт тэргийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Энэ замаар хоногт 24 галт тэрэг зорчдог. Зам тээврийн яамнаас тушаал гаргаж, ЭрээнУлаанбаатар чиглэлийн 2500 зорчигчийг Баян зөрлөгөөс нийслэл рүү 40 автобусаар тээвэрлэж эхэлсэн. Түүнчлэн Бээжин- Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг мөн Баян зөрлөгөөс автобусаар тээвэрлэхээр боллоо. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг 09.40 цагт явах байсныг цуцлан зорчигчдод тасалбарыг эргүүлэн өгч байна.
Т.Сайнбуян