БНСУ-ын Сөүл хотын Хехуа дүүрэгт гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэн, 29 настай А-г хулгай, дээрмийн хэрэгт сэжиглэн тус улсын цагдаагийн газраас саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Сөүлийн Жунгру дүүрэг дэх тус улсын иргэн К-ийн том өрөөний цонхоор нэвтэрч, хэтэвчинд нь байсан 20 мянган вон, 150 мянган воны үнэ бүхий зөөврийн хард дискийг хулгайлжээ.
Дараа нь хажуу байрных нь гурван давхрын айлын гал тогооны өрөөний цонхоор орж, гэрийн эзэгтэй П-г хутга тулган сүрдүүлж, дээрэм хийхээр завдсан байна. Гэсэн ч гэрийн эзэгтэй эсэргүүцэл үзүүлсэн тул дээрмээ хийж чадалгүй зугтаажээ. Гудамжинд эргүүл хийж байсан цагдаа нар гэмт хэргийн дуудлага авч монгол залууг саатуулсан аж.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д гэрээгээр ажиллахаар ирж, Гуангжү аймгийн нэгэн цонхны үйлдвэрт ажиллаж байсан ч ажилдаа тэнцэхгүй гэдэг шалтгаанаар өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ажлаасаа халагдсан байна. Тиймээс мөнгө олохоор дээрэм хийсэн гэдгээ хүлээжээ.
Б.БАЗАР