Өнгөрсөн баасан гаригт барилга дээрээс хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Тэрбээр энэ сарын 1-нд “Өндөр буянт холдинг” компанид ажилд орсон аж. 640 айлын тус хотхон 16 давхар, гурван барилгатай. Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаач залуу нь оюутан бөгөөд ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг гэнэ. Тэрбээр үдийн цайндаа орчихоод 16.00-17.00 цагийн үед голын барилгын хамгийн дээд талын давхрын гадна талд подем (барилгын материал тээвэрлэдэг урсдаг шат) дээр ажиллаж байсан бөгөөд хавтан авах гэж байгаад барилга шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдсан байна. Тус компанийн барилгын ажлын явц 60-70 хувьтай байгаа аж. Барилга дээр гарсан ослын талаар тус компанийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. “Өндөр буянт холдинг” ХХК гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт шалгарч, Баянгол, Чингэлтэй дүүргийн хоёр байршлын 1100 орчим айлын газарт “Өндөр дэнж” хорооллоо сүндэрлүүлэхээр болсон аж. Тэр хавийн айлуудыг удахгүй ашиглалтад орох “Happy town”-д оруулах, заримыг нь түр байлгахаар болсон юм.