Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байгаа. Энэ хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгаж дуусаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Гэвч нэмж тодруулах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв. Хэрвээ хурандаа нарын хийсэн үйлдэл шүүхээр нотлогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.