Энэ сарын 3-нд Баянзүрх дүүргийн 13 хороололд баригдаж буй “Баянхайрхан трейд” компанийн 12 давхар барилгын кран дээрээс 40 гаруй настай Ц хэмээх иргэн үсэрч амиа хорлохыг завдсан. Тэрбээр 12 цагийн турш кран дээр байж, 50 сая төгрөг нэхэмжилж үүний дагуу “Баянхайрхан трейд” компани түүний дансанд уг мөнгийг хийсэн юм. Ямар учраас ийм эрсдэлтэй алхам хийснийг иргэн Ц-гээс тодрууллаа. Тэрбээр “Тус барилгын захиалагч нь “Баянхайрхан трейд” компани юм. Уг компанийн гүйцэтгэгч болох “УБУ” компанитай манай бригад гэрээ хийсэн. Гэрээний дагуу нийт найман давхрын дотор заслыг нийт 80 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Барилгын дам нуруунуудыг цутгахад стандартын бус байсан учир нэлээд хүндрэлтэй, цаг хугацаа их алдсан. “УБУ” компаниас манай бригадын хийсэн ажлыг шалгаад гүйцэтгэл нь дутуу байна гээд мөнгөө өгөөгүй. Иймд манай бригадын ажилчид ажлаасаа гарч эхэлсэн. Тэдний цалинг би өөрийхөө мөнгөнөөс тооцон өгсөн. “УБУ” компани дам нуруунууд нь бараг бэлэн болсон зургаан давхрыг нь хүлээн авсан. Тус компанид би хүсэлт тавьж, энэ сарын 15 гэхэд үлдсэн хоёр давхрын гүйцэтгэлээ хийж дуусган хүлээлгэн өгье гэхэд хүлээж аваагүй. “УБУ” компаниас нийт 5.5 сая төгрөг авсан ч давхар болгонд зарцуулсан мөнгийг тооцоогүй. Тиймээс ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Миний авсан 50 сая төгрөгт прокурор хориг тавьсан. Энэ хэрэг тухайн компанийн талд гарвал би дахиад ямар нэгэн байдлаар би тэмцэх болно” гэсэн юм. Иргэн Ц ноолууран цамцтай, бээлийтэй байснаас гадна хэдэн шар айраг, идэх юмтай кран дээр гарсан байжээ.
“Баянхайрхан трейд” компанийн гүйцэтгэх захирал Д.Балдорж “Түүний гэр бүлийн хүмүүс тухайн хүний амь насыг аварч өгөөч гэх байтал, “50 сая төгрөгөө бушуухан гаргаж өгөөд манай дүүгийн амийг авар” гэсэн. Цагдаа, хүчнийхэнтэй тохиролцон тухайн иргэнд 50 сая төгрөгийг өгсөн. Гэвч баярлаж талархах байтал иргэн Ц-гийн гэр бүлийн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр барилга барих ямар ч зөвшөөрөлгүй зэрэг манай компанийг гүтгэсэн. Манай компани энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга барих зөвшөөрлөө авсан. Барилгын чанарт тогтмол хяналт шалгалт хийдэг. Харин ч энэ дагуу “УБУ” компани тухайн бригадын ажлын гүйцэтгэлийг шалгахад чанарын шаардлага хангаагүй, гүйцэтгэл муу байсан учир алданги тооцож, шаардлага тавьсан. Уг хэргийг хууль хяналтын байгууллага зөвөөр шийдэх байх” гэв.
Гүйцэтгэгч “УБУ” компанийн инженер Д.Оюун “Иргэн Ц өнгөрсөн тавдугаар сарын 27-нд манайхтай гэрээ хийж, зургадугаар сарын 3-наас ажилдаа орсон. Өөрийнх нь хүсэлтээр гэрээний урьдчилгаа мөнгө авахгүй байхаар тохиролцсон. Гэвч 15 хоног тутамд гүйцэтгэлийн шалгалт хийхэд хагас дутуу ажлаа хийсэн учир зөвхөн хоолны мөнгийг тооцон олгосон байгаа. Манай байгууллага ажлаа шуурхайлахыг удаа дараа шавдуулсан ч ямар нэгэн үр дүн гараагүй учир өөр бригадад ажлыг нь өгсөн. Тухайн иргэнд хугацаа, материалын алданги тооцон зургаан сая гаруй төгрөг олгосон” гэв.