40 гаруй насны эрэгтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ монгол” бүрэн дунд сургуулийн баруун талд байрлах “Баянхайрхан” компанийн 12 давхар барилгын кран дээрээс үсэрч амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр энэ сарын 3-ны 23.00 цагийн үед тус барилгын краны үзүүр хэсэгт нь сууж байсан аж. Уг хэргийн дагуу Онцгой байдлын аврагчид очиж, түүнийг бугуйлдаж буулгахыг завдсан ч краны хойд хэсэгт очин 12 цаг зогссон байна. “Баянхайрхан” компани уг барилгын ажлын гүйцэтгэгч, хэд хэдэн компанитай гэрээ хийж ажилласан гэнэ. Түүний нэг болох УБУ компанийн “хөлсөлсөн” барилгын бригадад амиа хорлохыг завдсан Ц ажилладаг аж. Гэвч тухайн бригадынханд компани нь нэг ч удаа ажлын хөлс өгөөгүй тул тэрбээр 50 сая төгрөг нэхэмжилсэн байна. УБУ компанийн зүгээс мөнгө өгөхгүй гэсэн тул “Баянхайрхан” компанийн удирдлагууд түүний данс руу 50 сая төгрөг шилжүүлснээр амиа хорлохыг завдагч кран дээрээс өчигдөр үдийн үед эсэн мэнд буужээ. Энэ хэргийг шалгахаар цагдаагийн ажилтнууд түүнийг саатуулсан байна. Харин “Баянхайрхан” компанийн хувьд амиа хорлохыг завдсан энэ үйлдлийг таслан зогсоож, УБУ компанийг ажлаа дуусган хүлээлгэн өгөх үед Ц-д шилжүүлсэн 50 сая төгрөгөө тэднээс тооцон авахаар болсон гэнэ.