Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын зохион байгуулалт муутай болсны зэрэгцээ морь унаач хүүхдүүд гэмтэж бэртсэн тохиолдол хэдэнтээ гарчээ. Зургаан насны хурдан хүлгүүдийн уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж гэмтсэн бөгөөд Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон нь “Хур багатай, тоос шороо их боссоны зэрэгцээ үлий ихтэй байснаас унаач хүүхдүүд нэгнийхээ морийг харахгүй дайрах, мөн үлийд морь нь бүдэрч олон хүүхэд унасан” гэж үзэж буй гэнэ. Түүний зэрэгцээ энэ баяр наадмын үеэр уралдааны замд гаралгүй, гэртээ амарч байсан хүүхдүүд машинд дайруулжээ. Төв аймгийн иргэн Мөнхбатын эзэмшлийн 97-78 УБЯ улсын дугаартай “Daewoo Nubira” маркийн автомашиныг өнгөрсөн ням гаригт тус аймгийн харьяат Идэрцолмон гэх залуу жолоодож яваад уяачдын нэгэн галд буусан аж. Гэтэл машин нь жолоочгүйгээр уруудаж, уяачийнхаас 100 гаруй метрийн зайд байсан өөр нэг галын гэр, майхныг дайрсан байна. Энэ үед уралдааны замд гараагүй таван хүүхэд уг гэрт амарч байсан бөгөөд бүгд гэмтсэн гэнэ. Зарим хүн уг машины жолооч нь согтуу байснаас осол гарсан гэж мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагынхны шалгалтаар уг машины жолооч Идэрцолмон автомашинаа дүрэм журмын дагуу зогсоогоогүйгээс осол болсон нь тогтоогдсон гэнэ. Осол болохоос өмнө машин жолоочгүйгээр уруудаж явааг Э гэх хүүхэд харж, “Хүнгүй машин жалга уруудаад явж байна” гэж ах нартаа хэлсэн боловч “Жолоочгүй машин явна гэж юу байдаг юм бэ. Чи буруу харсан байлгүй” хэмээгээд тоогоогүй аж. Жолооч Идэрцолмонг цагдаагийнхан саатуулан шалгасан бөгөөд тэрбээр “Машинаа араатай нь орхисон” гэж тайлбарласан ч техникийн шинжээчид “Зогсоолын тоормосоо татаагүй, араандаа хийлгүй орхисноос машин эзэнгүйгээр өнхөрч айлын гэр дайрч, таван хүүхдийг гэмтээсэн” гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн эмчээс тодруулахад “Гурван хүүхдийн гэмтэл нь гайгүй юм билээ. Харин үлдсэн хоёрынх нь нэгний хамрын, нөгөөгийнх нь нүдний ухархайн яс нь хугарсан тул мэс засал хийхээр болсон” гэлээ.