“Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьж байгаад батлан даалтад гаргажээ. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг сэжигтнээр тооцон Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулсан ч прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэр гаргасан гэнэ. Түүнд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас лавлахад “Их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн. Мөрд өн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж буруутгаж буй юм. Мөн өөр үндэслэлүүд ч байгаа аж. Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” компани нь “Болд төмөр Ерөө гол” компанитай хамтран “Дорнын төмөр зам” хэмээх компани байгуулж, 2008 оноос Ерөөгийн төмрийн ордыг УБТЗ-ын төв шугамд өөрсдийн хөрөнгөөр холбож, төмрийн хүдэр зөөх зориулалтаар 90 орчим км төмөр зам тавьсан. Өмнөд бүсэд нүүрсний том ордууд нээгдсэнтэй холбоотойгоор 2008-2012 оны үед Тавантолгой-Сайншанд-ХөөтЧойбалсан- Эрээнцав чиглэлийн 1800 км замын төсөл хэрэгжүүлэхээр тус компани ажиллаж байсан гэдгийг уншигчид санаж буй.
2012 оны хавар С.Батболдын Засгийн газар “Дорнын төмөр зам” болон “Монголиантранслайн” компанид Сайншандаас Тавантолгой руу татах 200 гаруй км төмөр замын суурь бүтцийг концессийн гэрээний дагуу барих-ашиглах-шилжүүлэх төслийг 20 жилийн нөхцөлтэйгээр өгсөн. Тэд энэ ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч ажил нь зогсоод байгаа юм билээ.