Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг шүүх, прокурорын байгууллагынхан дундаа шидэлцэж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн ч зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар өнгөрсөн сарын дундуур харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхээс уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон юм. Гэвч тус шүүхийнхэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгтэй танилцаад нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар НПГ-т буцаасан аж. Харин түүнийг прокурорууд эсэргүүцэж, дээд шатных нь шүүхэд гомдол гаргасан гэнэ. “Татвар”-ын Ч.Гансүхийн хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг шалгасан бөгөөд бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, зөвхөн Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлсэн юм.