Норвегийн Осло хотод саяхан болсон олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын уулзалтаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь учир дутагдалтай гэж үзсэн орнуудын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлантай танилцжээ. Тэдгээр орны тоонд багтаж буй Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Мөн Терроризмтой тэмцэх хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах алхам хийгээд байгаа ч Монгол Улсад нэмж хийх зүйлс байгааг ФАТФ-ын зүгээс сануулжээ. Тус байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийг гэмт хэрэгт тооцсон заалтыг олон улсын стандартад нийцүүлэх, террорист халдлагад ашиглах хөрөнгийг илрүүлэх, түүнийг царцаах зохицуулалт хийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах эрх зүйн зохицуулалт бий болгохыг манайд зөвлөсөн байна.
Т.ЭНХБАТ