Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж байгаад баригдсан тохиолдол өнгөрсөн хоёр жилд олонтаа гарав. Эрүүгийн цагдаагийн болон УМБГ-ын ажилтнууд хүүхэд залуусыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, удаа дараа арга хэмжээ авсны үр дүнд хар тамхи тээвэрлэгч олон хүн баригдаж, зарим нь ял шийтгэлээ эдэлж буй билээ. Хамгийн сүүлд олны анхааралд “Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Бааварын гэх тодотголтой гурван хүнд холбогдох мансууруулах бодис хил нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Мансууруулах бодисоос хүүхэд залуусыг сэрэмжлүүлэх үүднээс Бааварын холбогдсон Г.Алтай нарт холбогдох хэргээс уншигчдадаа хүргэе
Зээлж авсан мөнгө нь хар тамхи болоод ирэв
2012 оны нэгдүгээр сарын 13. Өвлийн жавар Буянт-Ухаагийн дэнжид хургаж, нар дөнгөж ургаж байхтай зэрэгцэн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “Air China” компанийн СА- 901 чиглэлийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав. Онгоцноос 40 шүргэж яваа болов уу гэмээр залуу дөнгөж дунд сургууль төгссөн болов уу гэмээр насны охинтой хамт их л дотно байдлаар бууж ирэв. Хилийн шалган нэвтрүүлэх албаныханд бичиг баримтаа шалгуулсан нь 1974 онд төрсөн Г.Алтай гэх Чингэлтэй дүүрэгт оршин суудаг залуу байлаа. Харин түүнтэй хамт ирсэн бүсгүй нь 1994 онд төрсөн нэгэн их сургуулийн оюутан Т.Адъяасүрэн аж.
Улсын хилээр орж ирэх үед нь Буянт-Ухаа дахь гаалийн байцаагч нар тэднийг шалгасан нь ямар нэгэн сэжигтэй зүйл үгүй гэж үзээд улсын хилээр нэвтрүүлсэн байна. 20 насны зөрүүтэй энэ хоёрын үерхэлд охины эцэг, эх дургүйцэж байсан ч охиноо бодож мөнгө зээлүүлж байсан тохиолдол байдаг аж. Энэ тухай хавтаст хэрэгт Т.Адъяасүрэнгийн ээж “Нэг өдөр охин маань Г.Алтайг дагуулан аавынхаа ажил руу очсон байсан. Тэр үед манай нөхөр уурлаж Алтайд “Дахиж манай охиноор оролдоод байх юм бол цагдаад мэдэгдэнэ шүү” гэж загнан Г.Алтайг явуулсан. Тэгээд охиноо “Өөрөөсөө хэт ах хүнтэй нийлж болохгүй” гэж загнасан. Нэг өдөр охин маань надад “Алтай ах их сайн хүн. Надад их санаа тавьдаг” гэх мэтээр намайг гуйсан. Охиноо хориглоод байвал цаашлаад буруу зүйл рүү явчих байх гэж бодоод Алтайтай уулзаж байхыг нь зөвшөөрсөн. Т.Адъяасүрэнгийн ээж нь ийн мэдүүлжээ.
Г.Алтай насанд хүрээгүй охиныг, тэдний ар гэрийнхнийг зөөлчилсөн үү, хэд хэдэн удаа очиж мөнгө зээлдэхийг хүсэж, нэг удаа 10 сая төгрөг авч байсан гэнэ.
2011 оны арванхоёрдугаар сарын эхээр Т.Адъяасүрэн Г.Алтайгийн хамт ээжтэйгээ уулзжээ. Энэ үеэр ээж нь эмнэлэгт хэвтэж байсан аж.Г.Алтай “Адъяасүрэн бид хоёрт машинаа өгөөч, машиныг чинь барьцаанд тавьчихаад БНХАУ руу явж, буудлагын салют аваад ирье” гэжээ. Харин охины ээж түүний гуйлтыг зөвшөөрсөнгүй. Түүнээс хойш нэг их удалгүй дахин мөнгө гуйсан гэнэ. Шинэ он гараад удаагүй байтал Г.Алтай охины ээж рүү дахин ярьж “Чи машинаа барьцаанд тавиад 10 сая төгрөг зээлээч, Адъяасүрэн бид хоёр урагшаа яваад уурхайн тэсрэх бодис авчирч зарах гэсэн юм. Би байраа барьцаанд тавьчихсан өртэй байгаа, нэг удаа туслаач” гэж өдөр бүр шалгааж эхэлсэн гэнэ. Энэ үед охин нь ч “Та Алтай ахад нэг удаа тусалчих, банкинд өртэй хэцүү байгаа” гэсээр 10 сая төгрөг бусдаас зээлүүлж авсан байна. Ингээд тэд Бээжин рүү явахаар болжээ. Т.Адъяасүрэн энэ үед ангийнхаа Гэрлээг хамт явахыг санал болгожээ. Найз нь ч зөвшөөрч зөөврийн компьютерээ барьцаалан зээлдүүлэх газарт тавьж онгоцны зардлаа олжээ.
Тэд ийнхүү Г.Алтайгийн ярьснаар уул уурхайн тэсэлгээний бодис авчрахаар явав. Харин уул уурхайн тэсрэх бодисыг хэн дуртай нь оруулж ирэх хууль байдаггүй, өндөр хараа хяналт дор оруулж ирдэг гэдгийг хэн хэн нь тухайн үед мэддэггүй байсан бололтой.
Харин Г.Алтайгийн мөнгө авахдаа хэлсэн шалтаг нь худлаа байж. Бүр ч эсрэгээрээ дэлхий нийтэд онц аюултай гэгдэж буй хар тамхи хэмээх “тэсрэх бодис” худалдаж авах санхүүжилтээ олох гэж ийнхүү худал хэлсэн аж. Энэ тухай хамт явсан Гэрлээ “Бид 2012 оны нэгдүгээр сарын 10-нд Бээжинд очиж зочид буудалд буусан. Оройхон Г.Алтай ахтай нэг хүн утсаар ярьж байгаад нэг хар арьстан хүн ирж уулзсан. Тэд хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Тэр хүн гарч явахдаа дөрвөн уут мөс шиг зүйл үлдээсэн. Г.Алтай ах түүнийгээ “Хэр зэрэг мөс болохыг нь хэрэглэж мэдье. Маргааш авах эсэхээ шийднэ” гэж хэлж байсан. Тэгээд Алтай ах хэрэглэж үзсэн. Тэгж байтал нөгөө хар арьстай хүн өөр нэг хар арьстантай хамт ирсэн. Тэд ирчихээд Алтай ахтай хамт юм яриад байсан. Тэгээд гарах гэж байх үед нь Алтай ах мөнгө тоолоод өгч авалцаж байсан. Яг хэдэн доллар вэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэр хоёр хар арьстан гарахдаа Алтай ахад бонусанд нь гээд 10 ширхэг дугариг хэлбэртэй, бор өнгийн эм шиг зүйл өгсөн. Түүнийг нь Аки авсан. Маргааш нь Аки надад “Хоёулаа энэ эмийг хэрэглэж үзье” гээд өгсөн. Тэгтэл газар хөдлөөд байгаа юм шиг болж толгой эргэн гар хөл бадайрч байсан. Улмаар дотор муухайрч толгой өвдсөн. Би тухайн үед намайг тэд бусдад худалдаалах гэж байна л гэж бодсон” гэж мэдүүлжээ.
Г.Алтай “мөс” импортлогч байсныг гэрчүүд баталжээ
Юутай ч Г.Алтай мөс хэмээх нийлэг аргаар гаргаж авсан хар тамхины нэгэн төрлийг удаа дараа оруулж ирж, худалдаж байж. Түүндээ насанд хүрээгүй охин Т.Адъяасүрэнг уруу татсан бололтой. Улмаар найз охиныг ч бас уруу татсан байна. Тиймээс эцэг эхчүүд маань үр хүүхэддээ анхаарал хандуулж, хэнтэй нийлж, хаагуур юу хийж явааг нь хааяа ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Г.Алтайд уруу татагдсан охид хууль хяналтын байгууллагад шалгуулж дараах мэдүүлгийг өгсөн байна. Гэрч Гэрлээ “2011 оны аравдугаар сард миний найз Адъяасүрэн манайд ирж цагаан өнгийн нунтаг зүйл гарган хэрэглэсэн. Тэгээд надад “Чи хэрэглээд үз, ёстой гоё болдог юм” гэсэн. Тэгээд би түүнээс нь сорж үзэхэд Акигийн хэлсэнчлэн гоё байгаагүй. Харин хоол идэх дургүй болж, дотор муухайран цээж, нуруугаар хатгаж өвдөн амьсгалж болохгүй байсан. Би түүнийг хэрхэн олж аваад байгаа тухай асуухад “Алтай гэж ахаас авсан” гэж байсан. Тэрбээр Г.Алтай гэх ахтай үерхээд бараг суух гэж байсан. Г.Алтайг БНХАУ-аас мөс авчирч борлуулдаг гэж надад хэлсэн” хэмээн мэдүүлэг өгчээ.
Харин өөр нэг гэрч “Адъяасүрэн өмнө үерхэж байсан С.Чулуунбаярыг дуудаж “мөс” олж өгөхийг хүссэн. Ингээд нэгнийхээ утсыг барьцаанд тавьж, 120 мянган төгрөг авч, “Тэнгис” кинотеатрын арын байрны гадна очсон. Уг мөнгөө Чулуунбаярт өгч Баавараас “мөс” аваад ир гээд оруулсан. Удалгүй С.Чулуунбаяр гялгар уутанд хийсэн нэлээд хэмжээний нунтаг авч ирсэн” гэжээ.
Харин С.Чулуунбаяр “Би Акиг гуйгаад байхаар нь 120 мянган төгрөгийг нь аваад гялгар уутанд элсэн чихэр, үсү хэмээх бодис хольж хийгээд “мөс” гээд өгчихсөн” гэсэн байна.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Г.Алтай, Ш.Батбаяр, Т.Адъяасүрэн нарын гэр болон хувцас, эд зүйлд нь нэгжлэг хийгээд хэд хэдэн нунтаг бодис хураан авчээ. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлэхэд 1971 оны НҮБ- ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад бүртгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис болох нь тогтоогдсон гэжээ. Шинжлүүлсэн бодисын дунд С.Чулуунбаярын элсэн чихэр, үсү хольсон гэх бэлдмэл байсан бөгөөд тэр нь дээрх төрлийн хар тамхи болохыг тогтоосон юм.
Чингэлтэй дүүргийн шүүх энэ хэргийг хэлэлцээд цагдаагийн байгууллага Г.Алтайгийн удаа дараа мансууруулах бодис оруулж ирснийг хангалттай нотолж чадаагүй, Монгол Улс болон БНХАУ-ын хил гаалиар хар тамхи хэзээ, хэрхэн яаж нэвтрүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзээд ялыг нь хөнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Г.Алтайг мансууруулах бодис борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, насанд хүрээгүй хүнийг мансууралд татан оруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Харин Т.Адьяасүрэн, Ш.Батбаяр нарыг мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Ш.Батбаяр , Г.Алтайгаас тус бүр нь 400 мянган төгрөгөөр хоёр удаа “мөс” худалдан авсан аж. Шүүх Г.Алтайд долоон жил хорих ял, Т.Адъяасүрэн, Ш.Батбаяр нарт гурван сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял ногдуулсан юм. Мөн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Алтай, Ш.Батбаяр нарын гэрээс хураасан хар тамхи, түүнийгээ татах зориулалтын гаанс зэргийг устгахаар боллоо