Үлэг гүрвэлийн чулуужсан яс болох Тарбозавр батаарыг АНУ-аас эх оронд нь авчирч Сүхбаатарын талбайд олноо дэлгэсэн нь өнгөрсөн болоод өнөө жилийн гол үйл явдлын нэг яах аргагүй мөн. Уг араг яс болон бусад олон төрлийн чулуужсан ясыг Монголоос гарсан гэдгийг нь тогтоох, эх оронд нь авчрах ажилд Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газрын ажилтнууд онцгой гавьяа байгуулсан. Тиймдээ ч төр засгаас уг хэргийг шалгахад оролцсон цагдаагийн алба хаагчдыг төрийн одон медалиар шагнаж, “ТБатаар” хэмээх хүндэт өргөмжлөлөө ч Үндэсний их баяр наадмын өмнөхөн хайрласан билээ. Дуулиан шуугиантайгаар эх орондоо ирсэн үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хэрхэн гаргасан, хэн хэнээр дамжуулсан гээд зарим зүйл нь тодорхой болсон ч тусгаар тогтносон Монгол Улсын хилээр харийнхан 2.4 метр өндөр, 7.2 метр урт энэ ясыг яаж гаргасныг тогтоох ажил төдийлэн үр дүнд хүрээгүй байна. Энэ хэргийн болон гадаадад явуулж буй шалгалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар зарим мэдээллийг баттай эх сурвалжаас авлаа.
ГААЛИЙНХАН ЭД МӨРИЙН БАРИМТАА УСТГАСАН УУ
Тарбозавр батаарыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нэмэгтийн хөндийгөөс манай улсын нэр бүхий найман хүнийг хилээр гаргасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Тодруулбал, иргэн О, Ө, Ө нар нь Нэмэгтийн хөндийг өөс батаарын ясыг олборлож, талийгаач Түвшинжаргалд авчирч өгснийг тогтоогоод байгаа аж. Түүгээр зогсохгүй палеонтологийн хайгуул хийж, олсон олдворуудаа худалдсан тохиолдолд орлогоо хувааж авахаар гэрээ байгуулсан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон юм билээ. Энэ хэргийн гол зохион байгуулагчид нь АНУ-ын иргэн Эрик Жон Прокопи, Япон улсад оршин суудаг, АНУ-ын иргэн, “Butts” сүлжээ дэлгүүрийн эзэн Холлис Баттс, ИБУИНВУ-ын иргэн Крис Мүүри, БНСУ-ын иргэн Ким Ён, манай иргэн Түвшинжаргал нар байж. Харин хилээр гаргахад оролцсон хүмүүс нь буяныг гаргаж, бузрыг оруулахгүй байх үүрэгтэй гаалийнхан бололтой. Энэхүү зохион байгуулалттай үндэстэн дамнасан сүлжээнийхэн дэлхий нийтийн анхаарлыг татсан үлэг гүрвэлийн ясыг Япон, Англи улсаар дамжуулан АНУ-д хүргэсэн замыг нь манай хууль хяналтын байгууллагынхан тогтоосон. Бидэнд олдсон мэдээллээр үлэг гүрвэлийн чулуужсан ясыг карго ачаанд хийн нисэх онгоцоор тээвэрлэн БНХАУ, Япон, БНСУ, Англи, АНУ гэсэн маршрутаар явуулсан байгаа юм. Харин карго ачааг хэн шалгаж нэвтрүүлсэн, хэдэн оны хэдэн сард хилээр гарсан тухай баримт гаалийн байгууллагад байдаггүй юм билээ. Хууль хяналтын байгууллагынхан хил, гаалийн холбогдох удирдлагаас гэрчийн мэдүүлэг авсан гэдэг. Тэд бүгд л хилээр гарч буй бүх зүйлс гаалийн дагалдах бичигтэй байх ёстой гэсэн тайлбар өгсөн сурагтай. Ийм байтал яагаад дагалдах бичиг нь гаалийн архиваас олдохгүй байна вэ. Нарийн зохион байгуулалттай сүлжээ байсны нэг илрэл энэ бололтой. Үүний цаана гаалийн байгууллагынхан эд мөрийн баримтыг нь устгасан байж болзошгүй гэх хардлага бий. Цагдаагийн байгууллагынхан үүний учрыг олохын тулд Япон, БНСУ, Англи улсаас мэдээлэл хүссэнээр гаалийн дагалдах бичигтэй байсныг тогтоогоод буй гэсэн. Харин манайд хуулбар нь ч бүү хэл, үндсэн бичгийнх нь нэг хуудас ч байхгүй нь хачирхалтай. Тиймээс манай гаалийнхан эд мөрийн баримт болох зарим бичиг баримтыг устгасан байх магадлалтай гэнэ.
ГАДААДЫН ИРГЭДИЙГ ТУХАЙН УЛСАД НЬ ШАЛГАЖ БАЙНА
Тарбозавр батаарын чулуужсан ясыг АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан хүн нь Э.Прокопи. Тэрбээр уг үлэг гүрвэлийг ясыг Монголоос аваачаагүй, Монголынх биш гэж байсан ч ма най цагдаагийнхан олон талын мэдээлэл цуглуулсны дүнд Тарбозавр батаар Монгол Улсын өмч гэдгийг тогтоосон. Харин тэрбээр АНУ-ын холбооны шүүхэд “Би Монголд очиж байгаагүй, мэдэхгүй” гэсэн утгатай тайлбар гаргаж байсан боловч манай цагдаагийн ажилтнууд дээрх нэр бүхий гадаадын иргэдийг манай улсад удаа дараа ирж байсныг ХХЕГаас авсан лавлагаагаар нотолсон. Мөн талийгаач Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийгээд Түвшинжаргал болон Ө, О нарын хамт үлэг гүрвэлийн олдворт газруудаар явж, малтлага хийж буй гэрэл зураг, захидал, худалдах үлэг гүрвэлийн ясыг хэрхэн тээвэрлэх замын маршрутыг дурдсан гадаадын иргэдтэй харилцсан цахим шуудан, CD-нд хуулбарласан үлэг гүрвэлийн цэвэрлэгээ хийгээгүй чулуужсан болон хэлхээ ясны зураг гээд нотлох баримтуудыг олсон юм. Улмаар дээрх хүмүүс манай палеонтологийн үнэт, ховор олдворыг хууль бусаар малтан, улсын хилээр нэвтрүүлснийг баталжээ. Манай цагдаагийн ажилтнууд тэдний хууль бус үйлдлийг илрүүлсний дараа Эрик Жон Прокопид АНУын шүүхээс хариуц лага ногдуулсан бол бусад улс ч харьяат иргэдээ шалгаж эхэл сэн тухай мэдээлэл манай хууль хяналтын байгууллагынханд ирүү лээд байна.Тухайлбал, Английн иргэн Крис Мүүрид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. Харин ингэж шалгахаас өмнө тэрбээр “Монголын хууль хяналтын байгууллагынхан намайг шалгаад эхэллээ” гээд Анг лид аваачсан үлэг гүрвэлийнхээ яснуудыг Монгол руу буцаан өгөхөөр болсон аж. Тиймээс Англиас батаарын дахиад нэг бүтэн яс, олон чулуужсан ясны хамтаар ирэх есдүгээр сард эх орондоо ирэхээр болжээ. Харин Японд амьдарч буй АНУын иргэн Холлис Баттсыг шалгахаар болсон гэх мэдээлэл Наран улсын талаас өгсөн ч ямар ажиллагаа, хэрхэн явуулсан талаар тодорхой тайлбар өгөөгүй гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Японы талаас тодорхой тайлбар хүсэж буй сурагтай. БНСУ-ын иргэн Ким Ён болон хамсаатан болох хэд хэдэн хүнд тус улсын хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцсон тухайгаа манай талд мэдэгдсэн гэнэ. Улмаар БНСУ-д хууль бусаар аваачсан үлэг гүрвэлийн 21 ясыг эх оронд нь эргүүлэн өгөхөөр болоод байгаа аж. Гадаадынхан харьяат иргэддээ ийнхүү хариуцлага тооцож, бүх хэрэг нь эцэслэн шийдэгдсэний дараа Монгол дахь холбогдогчдын хэрэг нэг тийш шийдэгдэх бололтой. Хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Гадаад дахь шалгалтын ажиллагаа дууссаны дараа эндэх шалгалт дуусах учиртай” гэж хэллээ. Дашрамд дурдахад, ССАЖЯ, музейн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгуулла гынхан өн гөр сөн тавдугаар сард Итали, Франц зэрэг орноор аялж, түүх соё- лын дурсгалт зүйлсийн хадгалалт, хам гаалалтын талаар сургалтад суусан бөгөөд энэ үеэр дээрх орны хууль хяналтын байгууллагын ажилтнууд Монголын цагдаагийнхны батаарын хэргийг илрүүлэх ажиллагааг шагшиж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй АНУ-аас бид үзмэрээ буцаан авч чаддаггүй, түр хугацаагаар авах, эсвэл үзмэрээр сольдог байтал танайхан яаж буцааж авч чадав аа хэмээн магтаж байсан гэдгийг сургалтад оролцсон эх сурвалж мэдээлэв.