УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хулгайгаар мод тээвэрлэгчдийг саатуулжээ. “Зил-131” маркийн улсын дугааргүй гурван автомашинаар дүүрэн нойтон, залуу мод ачсан хүмүүсийг Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Байцын аманд саатуулсан байна. Тэд бүгд хуурамч бичиг баримттай байсан бөгөөд хоёр машиных нь эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Хууль хяналтын байгууллагынхан гурван машинд ачиж явсан модны экологи, эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн шинжээчдээр тогтоолгоход 69 сая төгрөг болсон байна. Хулгайгаар мод тээвэрлэгчид “Батсүмбэр сум болон Баянзүрх дүүргийн нутгийн залгаа Баянголын амнаас хүмүүсийн бэлтгэсэн модыг худалдаж авсан. “Цайз” захад зарах гэж байсан юм” хэмээн мэдүүлжээ. Цагдаагийнхан авто машинуудыг одоогоор битүүмжлээд байгаа бөгөөд хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа улсын орлого болгох, эсэхийг шийднэ.
Г.РАВЖАА