НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Түдэвийн Билэгтийг өнгөрсөн бямба гаригт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг байрных нь хамт үнэгүйдүүлж хувьчилсан хэмээн буруутгаж буй юм. Н.Энхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэх үед тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр хил давж, хаана байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Интерпол түүнийг АНУ-д Цагаачлах хүсэлт гаргасныг тогтоолоо хэмээн АТГ-т мэдэгдсэн байсан юм. Түүнээс хойш удалгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тэрбээр хувийн захидал илгээж наадмын өмнө эх орондоо очихоор болсноо мэдэгдсэн. Түүнийг нь Хууль зүйн сайд “Визний хугацаа дуусч, өөрт нь зовлон тохиолдохоор эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоогооч гэсэн захидал илгээж байна” гэж мэдээлж байв.
АТГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр өнгөрсөн баасан гаригт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо ирсэн байна. Түүнийг ирэхэд хууль хяналтын байгууллагынхан мэдээлэл авч, гэрээс нь саатуулсан аж. Харин зарим цахим хуудаст түүнийг нисэх буудлаас баривчилсан гэж бичсэнийг эх сурвалжууд үгүйсгэсэн юм. Цагдан хорих 461 дүгээр ангийн эх сурвалж “Т.Билэгтийг өнгөрсөн бямба гаригт АТГ-ын мөрдөн байцаагч нар манайд авчирч саатуулсан. Саатуулагдаж буй хүнийг ямар нэг шарх сорвитой байна уу гэдгийг үзэж хүлээн авах журмын дагуу шалгахад ямар нэгэн шарх сорви байгаагүй. Баярын үеэр хүч нэмэгдүүлсэн хамгаалалттай учраас эргэлт уулзалт оруулдаггүй. Тиймээс энэ хугацаанд түүнтэй хэн нэгнийг уулзуулахгүй байх” гэж мэдээлэв.
Юутай ч олон улсад эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлснээр УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарын хэрэг удахгүй нэг тийш болж шийдэгдэх нь.
Г.РАВЖАА