Нийслэлийн Баянгол дүүргийн I хороонд байдаг “Богд Ар” хорооллын оршин суугчид өнгөрсөн гуравдугаар сард барилгын ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Богда холдинг” компанид гомдол гаргажээ. Тус компанийнхан “Нэг давхрыг айлуудыг гарган, шалыг нь хуулж, шугам, сүлжээг солино. Үүнээс өөрөөр засах аргагүй” гэсэн байна. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй иргэд холбогдох газруудад нь гомдол гаргаад байсан юм. Гомдлын дагуу МХЕГ, Онцгой байдлын ерөнхий газар, Стан дартчилал хэмжил зүйн газар тус хорооллын байрнуудад шалгалт хийж, өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ.
МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан Ажлын хэсэг тус хорооллын 17 барилгыг шалгахад ихэнх барилгын дээвэр, цэвэр усны шугам, сүлжээ чанаргүй, агаар сэлгэлт муу зэрэг зөрчил илэрчээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус хорооллын орон сууцнуудыг шалгаад галын аюулгүй байдлын хууль тогтоомж, стандартыг мөрдөөгүй 26 зөрчил илрүүлсэн байна. Мөн ШӨХТГ-аас 4-24 ам.метрээр дутуу байсан аж. Ажлын хэсгийн дүгнэлтээр ирэх есдүгээр сарын 15-ны дотор зарим барилгад засвар хийхийг “Богда холдинг” компанид үүрэг болгожээ.
Харин хамгийн их асуудал дагуулаад байгаа 4А, 7А байранд хийсэн шалгалтын дүн хараахан гараагүй байгаа бөгөөд ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв тус байрны төлөв байдал, хананд гарсан ан цавын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.
Ч.МӨНХЗУЛ