Сүхбаатар дүүргийн X хороо буюу 100 айл орчмын долоон орон сууцны 290 гаруй оршин суугч нийтийн эзэмшлийн талбайдаа орон сууц бариулахгүй хэмээн хэдэн жилийн өмнөөс “Гэзэгийн худаг” компанийн эсрэг гомдол гаргаад байсан билээ. Тус компанийнхан оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрсдийн бизнестээ ашиглаж, нийтийн эзэмшлийн талбайд орон сууц бариулахаар төрийн болон гаднын байгууллагуудыг залилсан юм. ОХУ-ын “Хелеос” компанийн гүйцэтгэх захирал Александр Иванович болон тус байрнуудын оршин суугчдын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв.
“Хелеос” компанийн гүйцэтгэх захирал Александр Иванович “Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Гэзэгийн худаг” компаниас “100 айлын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд 12 давхар 144 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах гэж байгаа. Тиймээс энэ орон сууцны барилгад хөрөнгө оруулаач” гэсэн хүсэлт тавьсан. Манай компанид өгсөн хүсэлтэд бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн байсан. Тиймээс бид банкнаас 800 сая төгрөгийн зээл авч энэ компанид хөрөнгө оруулсан. Барилгын суурийг цутгаж эхэлмэгцээ зээлсэн мөнгөний урьдчилгаа 30 хувийг өгнө гэж гэрээнд заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл бидэнд ганц ч төгрөг төлөөгүй.
Мөн хувийн журмаар 70 мянган ам.доллар зээлснээ ч өгөөгүй байгаа” гэв. Оршин суугчид болон тус компанийн удирдлагууд дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан ч нааштай хариу сонсоогүй юм байна. Иймээс “Хелеос” компанийн захирал Монголын хууль хяналтынхан энэ асуудлыг шийдэж чадахгүй бол өөрийн орны шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв.