Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадоржийн хэвлэлд өгсөн ярилцлагын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. ОХУ-ын иргэн Романовский Костантин Дмитриевичтэй хамтран байгуулсан гадаад, дотоодод худалдаа эрхлэх “Говь-Урал” компани нь 2007 онд Тээвэр хөгжлийн банкнаас таван удаагийн үйлдлээр 2.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ зээлийнхээ барьцаанд 10231 ширхэг хувьцаа, эд хөрөнгө тавьсан байна. “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж тухайн үед ажлаасаа гарсан байсан бөгөөд тус банкнаас авсан зээлээ төлөөгүй байжээ. Иймд Тээвэр хөгжлийн банк тус компанийн барьцаанд тавьсан хувьцааг өрөндөө авах бүрэн эрх үүсэж, шүүхийн шийдвэр гарсан боловч эрх мэдэлтнүүд шүүх засаглалын нөлөөгөөр уг хувьцааг Тээвэр хөгжлийн банк ашиглахыг хориглох шийдвэр гаргуулсан аж.
Талуудын хооронд асуудал шийдэгдэхгүй явсаар зургаан жил үргэлжилж байгаа уг маргаан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэнэ. Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан хуурамч гэрээ үйлдэж, Тээвэр хөгжлийн банкны 2.5 тэрбум төгрөгийн барьцаа болох 10231 ширхэг хувьцааны ногдол ашгийн 4.5 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банк болон ХААН банкны хувийн дансандаа хийсэн байсан нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрчээ.
“Энэ бүх асуудлыг өнөөдөр улсын Дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэх бөгөөд Монгол Улсын улиран сонгогдсон Ерөнхийлөгчийн амласан шүүхийн шинэчлэл энэ хурлаар хэрхэн хэрэгжиж байгааг харуулна” хэмээн Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван ярив.
Б.Бямба