Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, 31 настай, эмэгтэй Э-г энэ сарын 1-ний үдэш хэрцгийгээр хөнөөсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Цэл залуу бүсгүй юуны учир бусдын гарт амиа алдсан талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулав. ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвд долдугаар сарын 23-ны 23.30 цагийн үед “Ачлал” их дэлгүүрийн зүүн хойд талын 21 дүгээр байранд эмэгтэй хүн амиа алдсан тухай дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, НЦГ, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон Ажлын хэсгийнхэн хэргийн газарт очсон байна. Дээрх байрны IV орцны наймдугаар давхрын цахилгаан шатны үүдэнд хэн болох нь тодорхойгүй нэгэн эмэгтэй нас барсан байсан гэнэ. Гаднын нөлөөтэй, онц хэрцгий хэрэг гарсны дагуу УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцог Ажлын хэсгийнхнээ хуваарилан хэд хэдэн таамаг дэвшүүлэн эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Тэдгээр таамгийн дунд албан үүрэгтэй нь холбоотой байх магадлалтай, Татварын ерөнхий газрын удирдлагуудын үйлдсэн хэрэгт мэдүүлэг өгсөнтэй нь ч хамаатай байж болзошгүй гэсэн таамаг байсан гэнэ. Гэвч шалгалтын явцад энэ бүх таамаг батлагдаагүй гэдгийг Ажлын хэсгийн эх сурвалж өгүүлэв. Тэдний дэвшүүлсэн таамгийн дундаас өс хонзонгийн сэдэлтэй, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн энэ хэргийг үйлдсэн гэдэг нь шалгалтын явцад батлагдсан аж. Талийгаач эмэгтэй Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байсан талаар бид мэдээлсэн. 1982 онд төрсөн, аав болон хүүгийнхээ хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд амьдардаг байжээ. Тэрбээр 2006 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст байцаагчаар ажиллах болсон гэнэ. Улмаар одоогоос хоёр жилийн өмнө албан тушаал дэвшин, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчаар ажиллах болжээ. Түүний талаар тус хэлтсийнхнээс тодруулахад “Ажилсаг, даруухан бүсгүй байсан” гэхээс илүү зүйл ярихыг хүссэнгүй.
Тэрбээр хэрэг гардаг орой ажил дээрээ 21.00 цаг хүртэл сууж байгаад гарсан аж. Ажлаа тараад харилгүй, III хорооллын 21 дүгээр байр руу явсан байна. Явах болсон шалтгаан нь түүнийг утсаар хэн нэгэн дээрх байранд “Хүрээд ир” гэж дууджээ. Тэрбээр 22.00 цагийн үед тус байрны наймдугаар давхарт гараад халдлагад өртөн амиа алджээ. Баянзүрхийн Татварын хэлтэст ажилладаг нэгэн бүсгүй талийгаачийг утсаар дуудсан аж. Уг бүсгүйтэй уулзахаар өчигдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст очиход сүүлийн хоёр хоног ажилдаа ирээгүй, утас нь холбогдохгүй байгаа, ямар нэгэн зүйл болоогүй байгаа даа хэмээн санаа нь зовсон ажилтан олон таарав. Харин тэр дуудсан эмэгтэйг цагдаагийнхан олж мэдүүлэг авсан гэж эх сурвалж хэлсэн юм. III хорооллын 21 дүгээр байранд очиход хүн цөөн байв. Байр руу орж буй нэгэн иргэнтэй уулзахад “Нэг эмэгтэй маш их цус алдан хэвтэж байсан гэсэн. Манай байранд амьдардаггүй бүсгүй байсан сурагтай. Наймдугаар давхрын шатны хонгилыг орцны жижүүр угааж, цэвэрлээд бараг мэдэгдэхгүй болсон байна лээ” гэж ярив.
Сэжигтэн Ц.Туяа гэж хэн байв
Талийгаач Э-г дуудсан хүн нь Ц.Туяа гэдэг эмэгтэй гэнэ. Гэхдээ өөрөө бус, хэн нэгнээр дуудуулсан талаар эх сурвалж мэдээлэв. Талийгаач бүсгүйг цахилгаан шатнаас буухад Ц.Туяа үүдэнд нь тосоод мэндийг нь мэдсэнээ гартаа барьсан хоёр хутгаар баруун солгойгүй бүлсэн гэж баригдсаныхаа дараа цагдаагийнханд мэдүүлжээ. Мөн “Хэд хэдэн удаа өшиглөсөн. Түүнийг иртэл би есдүгээр давхрын шатан дээр хүлээсэн” гэдгээ ч хэлсэн байна. Улмаар хэргийн газраас зугтахдаа талийгаачийн цүнхийг нь авч, дээрмийн хэрэг болгож харуулахыг зорьсон гэнэ. Сэжигтэн эмэгтэй хэргийн газраас нэг их холгүй гар цүнхийг нь хаяж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр хутгаа ч харих замдаа нуужээ. Ингээд гэртээ ороод цустай хувцсаа сольж, юу ч болоогүй юм шиг сууж байсан гэнэ. Дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн хэрэг гарснаас хойш 20 цагийн дотор буюу энэ сарын 2-ны 19.00 цагийн үед сэжигтнийг саатуулан, хутга, хувцас зэргээ нуусан газрыг нь олж тогтоожээ. Хэргийг үйлдсэн Цэгмид овогтой Туяа нь 1976 онд төрсөн, аав, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг нэгэн юм байна.
Хоёр бүсгүйн “нөхөр” Батболд гэж хэн бэ
Сэжигтэн бүсгүй энэ хэргийг өс хонзонгийн улмаас, үерхдэг залуугаа харамласнаас үйлдсэн гэдгээ хүлээжээ. Тэрбээр 2003 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байгаад гарсан нэгэн. Тус хэлтэст ажиллаж байхдаа хамт ажилладаг Батболд гэх залуутай үерхэж, гэр бүл болж байжээ. Гэвч Батболд нь талийгаач Э-тэй үерхэх болж, Ц.Туяагаас салсан юм байна. Батболд талийгаач бүсгүйтэй саяхнаас нэг гэрт орсон бөгөөд үүнээс болж дээрх балмад хэргийг үйлдсэн гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Батболд нь талийгаач Э-д нэлээд үнэтэй “Волксваген Таурег” маркийн автомашин бэлэглэж байсан сурагтай. Хоёр бүсгүйг муудалцуулж, нэгийг нь хүнд гэмт хэрэг хийхэд хүргэсэн Батболд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажилладаг, удахгүй тушаал дэвшиж, татварын өөр хэлтэст даргаар томилогдох гэж байсан гэх мэдээлэл бидэнд олдсон юм.
Г.РАВЖАА