Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Э гэх бүсгүй уржигдар шөнө амиа алджээ. Цагдаагийнхан түүний цогцсыг Баянгол дүүргийн нутаг дахь байрных нь орцноос олсон гэнэ. Тус хэлтсийн эх сурвалж “Талийгаач эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хутганы 75 удаагийн шарх, зодуулсны улмаас хөх няц болсон гэмтэл их байсан. Одоогоор хэн энэ хэргийг үйлдсэнийг тогтоогоог үй байна. Ахуйн хүрээний сэдэлтэй байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр талийгаач гэр бүлгүй байжээ. Өөр нэг эх сурвалж “Талийгаач Э нь Татварын ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хэрэгт гэрчээр оролцсон хүн” гэсэн мэдээллийг өгөв. Энэ талаар Татварын ерөнхий газрын удирдлагатай холбоотой хэргийг шалгаж буй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээс лавлахад “Талийгаач эмэгтэй албан ёсоор тогтоосон гэрч биш. Гэхдээ албан үүргийнхээ хувьд манайд шалгагдаж буй хэрэгт 1-2 удаа тайлбар өгсөн нь үнэн. Цагдаагийнхан талийгаачийн амиа алдсан шалтгааныг тодруулах байх. Манайд шалгуулж буй хэрэгтэй холбоотойгоор амиа алдсан гэж бодохгүй байна” гэлээ.