Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхлээд найман сар болов. Хууль хэрэгжиж эхэлснээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжг үй байсан, 1995-2000 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах эрхтэй болсон билээ. Хуулийн хэрэгжих хугацаа ирэх наймдугаар сарын 1-нээр дуусгавар болно.
Одоогийн байдлаар хэдэн хүн бүртгүүлээд байгаа болон цаашид хугацааг нь сунгах эсэх талаар НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодруулахад “Одоогоор 222.600 хүн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргаад байна. Бид 450-550 мянга орчим хүн бүртгүүлнэ хэмээн тооцоолж байсан юм. Хууль хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Бүртгэлийн явц дөнгөж 50 орчим хувьтай байна.
Иргэд сарын хугацаанд амжиж харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх шаардлагатай. Зарим хүн хуулийн хэрэгжих хугацааг сунгаж магадгүй гэж бодоод идэвхгүй байх шиг санагдсан. Хуулийн хэрэгжих хугацаа ирэх наймдугаар сарын 1-нд дуусна. Цаашид сунгах боломжгүй тул иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ажлын хэсгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэлээ.
О.Ундрах