Баянгол дүүргийн V хорооны нутаг, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хажууд барьж байсан барилгад өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд осол гарч, 12 настай Б.Есүгэн охин амиа алдсан. Энэ хэрэг олныг цочирдуулж, хэрхэн шийдэгдэхийг нь харж байсан юм. Талийгаач охин тухайн үед хичээлдээ явж байсан бөгөөд 10-38 УНУ улсын дугаартай, бетон зуурмаг шахагч машины хоолой унаж түүнийг дарсан юм. Барилгыг “Монголын хот байгуулалтын хүрээлэн” компанийн захиалгаар “Төгс гүрэн” компанийн ажилтнууд барьж байсан юм. Улмаар барилгын долдугаар давхрын цутгалтыг хийхээр автопомп буюу шахуурга байрлуулж байхдаа зохих журмын дагуу ажиллагаагүйгээс энэ осол гарсан гэж мэргэжлийн байгууллагын шинжээчид дүгнэсэн байна. Энэ ослын улмаас 12 настай охины амь нас хохирсноос гадна “Сетунари” ХХКийн “Буянт оношлогоо” эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар, тролейбусны шугам гэмтэж, найман сая төгрөгийн хохирол учруулсан юм. Мөн иргэдийн автомашинуудад хоёр сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Энэ хэргийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, “Орд гео” ХХК-д бетон зуурмаг шахагч автопомпны оператор-жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөр, туслах ажилтан Б.Дашням нарыг санамсаргүйгээр хүний амь хохироосон гэж үзжээ. Г.Гантөмөрт нэг жил зургаан сар, Б.Дашнямд нэг жилийн хорих ял оноов. Харин “Монголын хот байгууллалтын хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Б.Батболд, “Төгс гүрэн” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болд нарыг Аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүүхдийн амь нас хохирч, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ял ногдуулжээ.
Түүнээс гадна “Орд гео” компанийн ерөнхий захирал Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Буянтэгш, “Премиум Конкрет” компанийн гүйцэтгэх захирал О.Батмөнх нарт урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг дээрх хугацаагаар хасаж, тус бүрийг 28.8 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Шүүхийн шийдвэрт дурдсанаар дээрх компанийн захирлууд хорих болон торгох ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд барилга барьж болохгүй гэнэ. Энэ хэрэгт шүүгдэгчээр татагдсан “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтан С.Очирсүрэн, “Консолит” компанийн менежер Б.Баттулга нарын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.