Монголчуудаас их хэмжээний валют залилсан гадаадын иргэдийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд саатуулан шалгаж эхэлжээ. Тэдний нэг нь БНХАУ-ын харьяат юм байна. Тэрбээр 2011 оны арванхоёрдугаар сард манай улсын иргэн Б-д автомашин хямд үнээр олж өгнө хэмээн 45 сая төгрөг авчээ. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрөхөд машинаа ч олж өгсөнгүй, мөнгө нь ч сураггүй болсон аж. Эцэстээ өөрөө ч олдохоо больсон гэнэ. Тиймээс иргэн Б цагдаагийн байгууллагад хандаж, гэмт этгээдийг олж, хохирлоо гаргуулж авахаар өргөдөл гаргасан юм байна. Монгол иргэнийг залилсан гадаадын өөр нэг хүн нь Пакистаны иргэн С.Хан Макүүд. Энэ хүн иргэн Ө-д “Английн алдартай HSBS банкнаас их хэмжээний зээл найдвартай авч өгнө. Урьдчилгаа болгож 18 мянган ам.доллар өг” хэмээсэн гэнэ. Улмаар уг мөнгийг нь аваад сураггүй болжээ. Дээрх хоёр хүнтэй холбогдсон хэргийн талаар УМБГ-ын эх сурвалжаас лавлахад “Дөнгөж шалгаж эхэлж байна. Хохирогчид нь нэлээд хэдэн сарын өмнө өргөдөл гаргасны дагуу шалгаж байгаа, гадаадын иргэдийг саатуулсан” гэсэн юм.
Г.РАВЖАА