“Өнөөдөр” сонины зургадугаар сарын 20-ны пүрэв гаригийн дугаарт “Сайд аа, цаана чинь амьтдыг тамлаж байна” нэртэй нийтлэл гарсан. Уг нийтлэлд зэрлэг амьтдыг торонд хорьж, бизнес хийж байгаа төмөр зүрхтэнүүд Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хү рээлэнд төвхнөсөн талаар хөндсөн. “Амьтны хүрээлэн” нэртэй тэр хүү хашаанд шарх сорвиндоо баригдаж, хөл нь доголсон гурван цаа буга, далавч нь гэмтээд хөдөлж ч чадахгүй сууж буй шонхор, “гэр бүлээрээ” хоригдсон саарал чоно, үүрнээсээ суйлуулж эхээсээ салсан гурван гавар, өмхийрч ногоорсон усанд хөвж буй нугаснууд, толгойгоо ч өргөх тэнхэлг үй аахилан хэвтэх тасын дэгдээхэйн үүд гээд өвдөж шаналсан, сүр сүлд нь үхсэн өрөвдмөөр хэдэн амьтны эрхийг хамгаалж, хууль бус энэ үйлдлийг зогсоох хэрэгтэйг хөндөж бичсэн билээ.
Манай нийтлэлийн дараа БОНХ-ийн сайд С.Оюуны өгсөн үүргийн дагуу “Талын жононгууд” компанийн ажиллуулдаг амьтны хүрээлэнд шалгалт хийж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буйг нь тогтоосон. Ингэснээр ямар ч зөвшөөрөлгүйгээр байгалийн зэрлэг амьтдыг хашиж ашиг олж байсан тус ком панийн хууль бус бизнес нь зогссон юм. Гэтэл “Талын жононгууд” компанийн за хирал Л.Сайнбат гэдэг хүн энэхүү нийтлэлийг бусдын захиалгаар бичсэн мэтээр сэтгүүлчийг гүтгэсэн мэ дээллийг сайт, телевизүүдээр цацаад зогсохгүй “Өнөөдөр” сонины нэр хүндэд ичгүүргүйгээр халдаж байна.
Байгаль орчноо, амьтан ургамал, экосистемийг хамгаалах асуудал бол манай сонины мөнхийн сэдэв. Энэ ч утгаараа бид “Талын жононгууд” компани хууль бус үйл ажиллагаа явуулж буйг, амьт дыг хэцүү нөхцөлд торонд хорин ашиг олж байгааг нь сурвалж лан олон нийтэд мэдээлсэн. Тэрчлэн Монголд стандартын дагуу, хуулийн хүрээнд амьтны хүрээлэн байгуулах цаг болсныг энэ нийтлэлээрээ хөндсөн юм.
Дэлхий дахинд өнөөдөр байгаль орчны асуудал хамгийн чухал сэдэв болоод байгаа. Сүүлийн үед монголчууд экосистемийг бүхэлд нь хамгаалахын ач холбогдлыг ойлгож, үүний төлөө хүн бүр үүрэг хүлээх ёстой гэдгийг ухамсарлах болсон. Чухам ийм үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид нийгмийн сэтгэхүйг зөв замд нь чиглүүлэх, тулгамдсан асуудлыг хөндөх, нууц далд бүхнийг эрэн сурвалжилж нийтэд ил болгосоор ирсэн.
Өнөөдөр цэнхэр гаригийн маш олон төрөл зүйлийн амьтан, ургамал дахиж хэзээ ч сэргэхгүйгээр мөхөж байна. Цаг агаарын өөрчлөлтөөс болж амьтны аймгийн 80 гаруй төрөл зүйл нутаг дэвсгэрээсээ дайжиж эхэлснийг судалгаагаар тогтоов. Хамгийн сүүлийн мэдээгээр 20 мянган амьтан, ургамал мөхлийн ирмэгт тулсныг тогтоолоо. Чухам үүнтэй холбоотойгоор ховор амьтдаа хамгаалах, амьдрах орчныг нь алдагдуулахгүй байлгах асуудал тун чухал болоод байна. Зарим амьтныг зориудаар гаршуулан тэжээж, хамгаалалтад авах талаар ч ярьж эхэллээ. Ийм хамгаалалт хэрэгтэй амьтан Монголд нэг бус, нэлээд олноор тоологдох болсон. Гэхдээ ингэж үржүүлж, хамгаалахдаа Зайсан дахь амьтны хүрээлэн нэртэй шоронд лав биш.
Гэтэл “Талын жононгууд” компани хууль зөрчсөнөө мэдсээр атлаа манай сониныг гүтгэн буруутгаж, цээжээ дэлдэн бахирахын учир юу байв. “Бид нэг сая төгрөгийн түрээс төлдөг” хэмээн мөн ч олон гомдолложээ. Цаашлаад төр газар өгөхгүй бол амьтантайгаа хамт жагсана ч гэх шиг. Ингэж ярьсныг нь сонсоход “Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбат Монгол Улсын хуулиас илүү эрх мэдэлтэй нэгэн үү.
“Талын жононгууд” компани хууль зөрчсөн нь тогтоогдов
“Талын жононгууд” компани нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, амьтан ашиглах зөвшөөрөл аваагүй зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдлоо хэмээн БОНХЯ-наас мэдээллээ. Тодорхой хэлбэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөц ашиглах, аж ахуйн зориулалтаар газар ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийлгэх”-ээр заасан байдаг. Мөн хуулийн 7.3-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэх учиртай. Түүнчлэн хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу БОНХЯ, эсвэл орон нутгийн Байгаль орчны албанд хандаж байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой.
Хуулийн эдгээр заалтаас харахад “Талын жононгууд” компани нь амьтны хүрээлэн ажиллуулж эхлэхээсээ өмнө байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой байв. Хэрэв тус компани дээрх шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн БОНХЯ-д хандвал ажлын 14 хоногийн дотор байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж өгөх боломжтой. Ерөнхий үнэлгээгээр тус компанийн үйл ажиллагаа нь эрүүл ахуй, нийгэм, орчны бохирдолтод хэрхэн сөргөөр нөлөөлж буйг үнэлнэ. Мөн усны хэрэглээ, байгаль орчны цэвэрлэгээ, төлөв байдлын үнэлгээг гаргана.
Түүнчлэн “Талын жононгууд” компани нь амьтан ашиглах зөвшөөрөл авах ёстой. Амьтны тухай хуулийн 15.2.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж нь амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Амьтны хүрээлэнгийн элбэг амьтны зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг даргаас авна. Хэрвээ хүрээлэнд ховор амьтан байгаа бол БОНХЯ-наас тусгай зөвшөөрөл авах журамтай. Эдгээр бичиг баримтыг бүрд үүлсний дараа байгалийн нөөц ашигласны төлбөр төлснөөр “Талын жононгууд” компани нь амьтны хүрээлэн ажиллуулах эрх зүйн боломжтой гэсэн дүгнэлтийг БОНХЯны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсээс гаргасан байна.
Mongolnews.MN-ийн хаягаар
“Сайд аа, цаана чинь амьтдыг тамлаж байна” нийтлэлийн талаар www.mongolnews.mn сайтад зочилсон уншигчид сэтгэгдлээ ийн үлдээжээ.
Байгальд нь тавиач: Амьтны хүрээлэнг улс өөрөө санхүүжүүлэхгүй бол харуул хамгаалалт, арчилгаа нь маш өндөр байдаг. Түүнээс биш хэн дуртай нь хэдэн амьтан авчирч торонд хийчихээд, мөнгө аваад байдаггүй юм. Хажуугаар нь бас ичихгүй газар нэхээд сууж байдаг. Ийм шуналын дэвүүд амьтан битгий зовоогоод бай.
Зочин: Одоогоос 2-3 жилийн өмнө Зайсанд Амьтны хүрээлэн нээгдсэн гэж дуулсан. Очсон хүмүүс тааруухан сэтгэгдэлтэй, яг энэ үгийг л хэлж байсныг зурагтаар үзсэн. Харин зургадугаар сарын 2-нд хүүхдүүдтэйгээ гартал Төв музей хаалттай байсан болохоор тэнд очиж амьтан үзүүлсэн. Энд бичсэн шиг амьтад их дорой, ямар ч жавхаагүй харагдсан даа, арай ч бүгдээрээ өвдөөгүй байлтай. Хашаа нь хогоор дүүрчихсэн, өмхий. Усыг нь бараг сольдоггүй байх. Урьд нь матар, жижиг махчин загас байсан л гэсэн, тэр өдөр лав харагдаагүй. Ямар ямар амьтад тэнд ясаа тавьсан юм бол доо. Ингэж амьтдыг нүд хальтирмаар амьдруулж байснаас зөнд нь тавьж ясыг нь амраа. Эсвэл нэрээ Аймшгийн хүрээлэн гэмээр юм уу.
Иргэн: Манайхан хувиараа зоопарк байгуулна гэж одоо үлгэр. Энэ Амьтны “шоронгийн” эзэн гэгч нь амьтан хайрлах чин сэтгэлтэй хүн байсан бол ийм юм хийж нүгэл үйлдэхгүй дээ. Зүгээр л мөнгө олох санаатай хүн байна. Амьтан хамгаалах байгууллагынхан минь энэ тарчлан зовж буй амьтдыг бушуухан суллаач ээ.
Зочин: Амьтан байгальдаа сүрлэг. Би хүн дагаж чононд яваад дахиж тийм юм хийхээ больсон. Хөдөө хээр таарвал үр хүүхдэдээ зааж өгөөд явж байвал сайхан шүү дээ.
Сэтгэлзүйч: Торонд хорьж, тамласан амьтан үзсэн хүүхдүүдийн сэтгэхүй амьтдыг хайрлахгүй, ингэж болдог юм байна гэсэн садист болно. Би хүүхдүүддээ ийм садист юм хэзээ ч үзүүлэхгүй, хүмүүс ээ, битгий үзүүл. Яам анхааралдаа ав: Үнэн юм бичсэн байна. Амьтдыг ингэж тамлаж болохгүй. Яахав танин мэдэхүйд нэмэртэй ч гэсэн ингэж хорьчихоод хүнд үзүүлнэ гэдэг эвгүй. Та нарыг торонд хоривол ямар байх вэ?
Зочин: Амьтад байгальдаа л эрх чөлөөтэй. Амьтны ядаж энгийн амьдрах орчныг ч хангаж чадахгүй байж, мөнгө авч байдаг. Тэгээд дахиж газар авч баяжихын тулд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй улс юм. Бушуу зогсоогоорой, ийм амьтны хүрээлэн дэлхийн хаана ч байхгүй. Чононуудын сүр сүлд бүр үхчихэж.
Бат: Ийм өрөвдөлтэй юм үзүүлж хүнээс мөнгө авахаас ичдэггүй юм уу, та нар. Зоопарк ямар байдгийг очиж үзвэл таарна. Усаа байнга цэвэр байлгаач, ялгадсыг нь өдөр бүр биш, цаг тутамд цэвэрлээч ээ. Тэгээд хүний өөдөөс гараа сарвайж мөнгөө нэх.
С.Оюун сайдад: Та эрхбиш нэгийг бодож байгаа байлгүй дээ. Хурдхан энэ хэдэн амьтныг авраарай. Арай дэндэж байна: Ингэж амьтан тамлаж байгаа хүнийг барьж, өөрийг нь торонд хорих хэрэгтэй. Мал, амьтан хайрлаж мэдэхгүй ......... байгаа биз.
Зочин: Үнэн өрөвдмөөр юм байна лээ. Үнэр танар, байгаа байдал гээд арай дэндүү. Ихэнх амьтан нь шархтай голдуу байсан.
Холбоотой нийтлэлийг энд дарж уншина уу
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН