Монгол Улсад шүүх, эрх зүйн шинэтгэлийн үргэлжлэл болж эрүүгийн эрх зүйн тогтолцоог шинэчлэхээр болсон. Энэ хүрээнд Эрүүгийн багц хуулийн төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж буй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд өнөөдөр шүүхэд мэтгэлцээн байна уу гэх асуудал хуульчдын дунд маргаан дэгдээдэг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэж байх үед яллах болон цагаатгах талын мэтгэлцээн гэж болсонгүй гэх маргаан дэгдэж байсныг зарим уншигч санаж буй биз.
Одоо мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш, яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж заасан. Мөн 2012 онд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн есдүгээр зүйлд шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулах, мэтгэлцэх журмын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулахаар заажээ. Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мэтгэлцээнийг шүүх хуралдааны суурь зарчим болгон тунхагласан боловч хуульд мэтгэлцээн хэрхэн явуулах, яаж хэрэгжүүлэх талаарх зохицуулалт байдаггүйг олон хуульч хэлдэг. 2002 онд дээрх хууль батлагдсанаас хойш мэтгэлцээнийг шүүн таслах ажиллагаанд нэвтрүүлэх, хэвшүүлэх талаар шүүхээс уг нь багагүй ажил хийсэн ч одоо хүртэл яллах, өмгөөлөх талууд хангалттай хэмжээнд мэтгэлцэж сураагүй, шүүгч, шүүх бүрэлдэхүүн тодорхой хэрэг маргаанд мэтгэлцээн бий болгох талаар ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Мэтгэлцэх журам буюу мэтгэлцээний стандартыг байцаан шийтгэх хуулиар тогтоогоог үй, хуульд тусгалгүй орхисонтой холбоотой гэх хуульч олон.
Манай шүүхийн практикт өнөөдөр мэтгэлцээнийг хэргийн баримт, гэм бурууг нотлох эсвэл үгүйсгэж шүүхэд санал хэлэх, харин мэтгэлцэх журмыг талууд шүүх хуралдаанд санал, дүгнэлтээ илэрхийлэх дараалал төдийг өөр ойлгохоос хэтрэхгүй байгааг нэлээд хэдэн удаа шүүх хуралд суухдаа анзаарсан. Хэргийг нотлох журам, нотолгооны стандартын талаар тогтсон ойлголт ч одоогоор алга. Энэ нь манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дутагдалтай тал. Мэтгэлцэх журам, нотлох стандартын талаарх хууль хэрэглэгчдийн мэдлэг сул, ойлголт бүдэг байхад мэтгэлцэх зарчмыг хуульд хэчнээн тунхаглаад ч шүүн таслах ажиллагаанд хэрэгжүүлэх нь тун эргэлзээтэй асуудал.
Шүүхэд мэтгэлцэх ба нотлох журам, стандарт тогтоогоогүй нь манай улсын эх газрын эрх зүйн системтэй холбон зөв гэх мэргэжлийн хүмүүс бий. Тэд “Мэтгэлцэх ба нотлох журам, стандартыг хуульчлан тогтоож хатуу мөрдөх нь зөвхөн нийтийн эрх зүйтэй улс орнуудын шүүн таслах ажиллагаанд хэрэгтэй” гэж үздэг юм билээ. Уг нь эх газрын эрх зүйн систем буюу Ром-Германых ч байсан, Англи-Саксоных ч байсан ялгаагүй бодит үнэнийг л тогтоох зорилготой билээ.
Бодит үнэнийг тогтоох, мэтгэлцэх зарчмууд нь шударга ёсны болон хууль дээдлэх зарчмын нэгэн адил аль ч шүүн таслах ажиллагаанд зэрэгцэн хэрэгжиж хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг ханган хамгаалах гэсэн зорилготой шүү дээ.
Шүүн таслах ажиллагаанд хэргийн талууд мэтгэлцэх болон нотлох дүрэм, стандартыг хэрхэн баримталж буйг хянах, шүүх хуралдааныг журмын дагуу явуулах нь шүүгчийн үндсэн үүрэг.
АНУ-ын шүүхийн үйл ажиллагаанаас туршлага судлаад ирсэн Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Монгол болон АНУ-ын шүүхийн шүүн таслах ажиллагаанд мэтгэлцэх зарчим болон гэрчийг хэрхэн байцаадаг талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “АНУ-ын мэтгэлцээний дүрэм илүү нарийвчилсан зохицуулалттай, байцаалтын тактикуудыг хүртэл тусгасан нь мэтгэлцээнийг дэмжих, өрнүүлэх хандлагатай байдаг. Гэрч гэж хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүн бөгөөд санаатай худал мэдүүлэг өгвөл түүнд хариуцлага хүлээлгэхээр хоёр улсын хуульд адил заажээ. Ялгаатай тал нь манай улсын шүүхийн практикт гэрчийг тухайн хэрэгт сонирхолг үй байх ёстой гэж үздэг бол АНУ-д үүнийг шаардахгүй бөгөөд талууд өөрсдийн гэрчийг шүүхэд дуудах боломжтой. Тус улсад шүүн таслах ажиллагаанд хэргийн талууд өөрсдийн гэрчийг шүүх хуралдаанд байр сууриа дэмжүүлэхээр оролцуулах бөгөөд өөрийн талын гэрчийг чөл өөтэй яриулах, нөгөө талын гэрчийг мэд үүлэг өгөх үед нь барьц алдуулж сандраах, өөртөө эргэлзэх байдалд оруулах, худал ярьвал илчлэх зэрэг тактикуудыг хэрэглэж шүүхийг тухайн гэрчийн мэдүүлэгт эргэлзүүлэхийг оролдох, ингэж чадаагүй бол гэрчийн хувийн байдлын талаар дайралт хийж найдваргүй хүн гэсэн ойлголтыг шүүгч, тангарагтанд өгөх зэргээр гэрчийг байцаахад хүртэл тэмцэлддэг.
Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 266, 267 дугаар зүйлд байцаалт явуулах нийтлэг журмыг заахдаа гэрчийг хөтөлж болон тулгаж асуулт тавихыг хориглосон нь гаднаас нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой боловч байцаалтыг үр дүнтэй явуулахад саад учруулдаг том сөрөг талтай” гэж ярьсан юм.
Мэтгэлцэх журам нь талууд нотлох ажиллагааг хэрхэн явуулахыг зохицуулдаг тул нотолгооны стандарттай ч шууд холбогддог. Монгол Улсын шүүн таслах ажиллагаанд нотолгооны буюу нотлох ажиллагааны стандарт тодорхой бус, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчдэд энэ талаар хуулийн тодорхой ойлголт, чиглэл байдаггүйгээс зөвхөн өөрийн дотоод итгэл гэсэн шалгуураар нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлыг үнэлдэг гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч ижил шахам үйлдэлтэй хэрэгт эрс ялгаатай дүгнэлт хийж, өөр өөр шийдвэр гаргах тохиолдол байдаг нь хуулийн байгууллага, тэр дундаа шүүхийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мэтгэлцээнийг зарчим болгон заасан атлаа байцаан шийтгэх ажиллагааны аль шатанд хэрхэн мэтгэлцэхийг зохицуулаагүйгээс хэргийн талууд хэзээ, яаж мэтгэлцэхээ мэддэггүй, улмаар энэ асуудлаар талууд хоорондоо, заримдаа шүүгчтэй ч маргадаг. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хоёрдугаар бүлэгт байцаан шийтгэх ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулахаар заасан атлаа 34 дүгээр бүлэгт шүүхийн хэлэлцүүлгийг тодорхойлохдоо талууд ямар дарааллаар мэдүүлэг өгөх, санал дүгнэлтээ хэлэхийг тогтоосноос хэрхэн мэтгэлцэх журам тусгаагүй.
Тиймдээ ч Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч С.Нарангэрэл шүүхийн хэлэлц үүлгийн үед нотлох баримтыг шинжлэн судлахдаа мэтгэлцэх, тухайлбал өөрийн талд ашигтай нотлох баримт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болохыг нотолж эсрэг талын гаргасан нотлох баримтыг няцааж улмаар тэр баримтаа нотлох баримтаас хасах талаар ярьсан. Түүгээр ч зогсохгүй дараачийн шат буюу шүүмжлэлийн үед талууд түүнд дүгнэлтээ үндэслэх ёсгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Соёмбо-Эрдэнээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтын талаарх саналаа шүүхийн хэлэлцүүлэгт бус шүүмжлэлийн үеэр гарга гэж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны үндсэн хоёр хэсгийн эхнийх болох шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудын санал хэлэх, мэдүүлэг өгөх дарааллыг тогтоосноос баримт сэлт, мэдээллийн агуулгыг нотлох, няцаалт өгөх, нотлох баримтын талаар мэтгэлцэх тухай огт заагаагүй. Харин ялын шүүмжлэлийн үед мэтгэлцээний багахан хэсгийг хэрэглэхээр тусгасан байдаг.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчимд тулгуурлан санал гаргасан өмгөөлөгч, шүүх хуралдааныг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг баримталсан шүүх бүрэлдэхүүний алиныг нь ч буруутгах аргагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн тухай хуулиудад мэтгэлцэх журмыг хуулиар тухайлбал, эрүүгийн процессын хуулиар зохицуулахаар заасан.
Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулж буй энэ цаг үед Ажлын хэсгийнхэн болон эрдэмтэн судлаач, хуульч нар шүүхийн мэтгэлцэх журам, нотлох стандартыг уг хуульд нарийвчлан тусгуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй санагдана. Хэрэв хуульд мэтгэлцэх журам, зарчим тусгуулж гэмээнэ тунхаг байсан мэтгэлцээн бодит биеллээ олно гэдэгтэй хуульчид санал нийлэх биз.
Г.ЦОЛМОН