Хан-Уул дүүргийн шүүх өчигдөр ОХУ-ын иргэн К.Борисович, Х.Дмитро болон манай улсын харьяат Д.Батхуяг, Ч.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. К.Борисович нь манай улсын уул уурхайн нэгэн компанид ажиллаж байгаад визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хоёр жилийн хугацаанд эргэж ирж болохгүйгээр албадан гарсан нэгэн аж. Гэвч тэрбээр манай улсад амьдардаг өөрийн улсын харьяат Х.Дмитро болон Монгол Улсын иргэн Д.Батхуяг, Ч.Лхагвасүрэн нарын тусламжтайгаар жил бололгүй эргэж орж ирсэн байна. Ингэхдээ хуурамч бичиг баримт ашиглан өөр хүний нэрээр орж ирснийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн прокурорт шилжүүлсэн гэнэ.
Хуурамч бичиг баримт ашигласан, улсын хил зөрчсөн, Монгол Улсад оршин суух эрхгүй этгээд хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Уг хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцээд К.Борисовичид нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон бол, бусад холбогдогч нарт нь мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял ногдууллаа. К.Борисовичийг хорих ялаа эдэлж дууссаны дараа Монгол Улсаас дахин албадан гаргах аж.