-Гаалийнхан татвараас зугтах ажлыг зохион байгуулдаг байжээ-
БНСУ-д ажилладаг нэгэн найз маань утсаар ярив. “Монголд заруулах гэж жаахан бараа явуулах гэсэн чинь “Гаальтай карго” маань азаартчихжээ. Бараагаа ачуулсан хүмүүс нь алдагдалд ороод байгаа юм байна” гэв. Замын-Үүдэд хэдэн жилийн өмнө “Гаальтай машин” гэж байсан шиг “Гаальтай карго” гэж татвараас зайлсхийх нэгэн хууль бус аргыг гаалийнхан өөрсдөө санаачилсан бололтой. Үүнийг тодруулахаар хууль хяналтын байгууллагад хандахад ийм хэрэг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж эхэлсэн гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Тус хэлтсийн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Гаалийнхан өөрсдөө татваргүйгээр бараа, эд зүйл оруулахыгаа “өшиглөх” гэж ярьдаг юм билээ. Энэ хэрэгт гаалийн нөлөө бүхий ажилтнууд холбоотой. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй. Шалгалтын явцад тодорхой болох биз. Тэд БНСУ-аас ирж буй барааны нэр төрлийг өөрчилж, гаалийн татвараас зайлсхийхэд нь тусалдаг юм байна.
Одоогоор цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгож Гаалийн баталгаат агуулахын хашаанд байгаа 40 тн-ын нэг чингэлгийг битүүмжилсэн. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ хуучин матрас, барилгын материал гэж мэдүүлжээ. Шалгаад үзэхэд гаалийн татвар өндөртэй эм, гоо сайхны бараа байсан. Ингэж татвараас зайлсхийх ажлыг зохион байгуулдаг бүлгийнхэн нэлээд удаан хугацааны туршид олон чингэлэг бараа “өшиглөж” байсан бололтой юм билээ. Гаалийнхны энэ хууль бус үйлдэлд Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ч оролцдог байж болзошгүй. Шалгалт эхлээд удаагүй болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
БНСУ-д үйлдвэрлэсэн, манай улсад орж ирэхдээ гаалийн өндөр татвар ногдуулдаг барааг тус улсад байх төлөөлөгчдөөрөө дамжуулан цуглуулж байгаад Монгол руу ачуулдаг юм байна. Магадгүй ийм бараан дунд нь Монгол Улсад оруулахыг хориглосон юм уу, хязгаарласан ямар бүтээгдэхүүн орж ирснийг хэн ч таашгүй. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахг үй гэсэн тангарагтай гаалийнхан энэ мэт хууль бус үйлдэлд холбогдсоор байна.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр гаальтай чингэлгийг татвараас бултуулан оруулж ирдэг хүмүүсийн дунд ГЕГ-ын даргаар 1990-ээд оны сүүл үед ажиллаж байсан Д.Цэндийн эхнэр Цэцэгмаа нарын хүмүүсийн нэр дуулдав. Мөн гаальтай чингэлгээр оруулж ирдэг барааны багагүй хэсгийг БНСУ-д үйлдвэрлэсэн эм болон биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд байгаа гэнэ. Эмийн бүтээгдэхүүнийг нь “Ган-Эм” гэх компани импортолж, татвараас зайлсхийж байсан тухай баримтыг ч цагдаагийнхан олж авчээ.