Чингэлтэй дүүргийн XIV хороонд амьдардаг нэгэн гэр бүлийнхнийг шөнө дөлөөр очиж агсам тавин, улмаар галдан шатааж амийг нь бүрэлгэсэн Л.Наранбаатарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ. Гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь төрсөн гэртээ ирсэн байх үед Л.Наранбаатар согтуу очин эхнэртэйгээ муудалцаж, улмаар энэ оны гуравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө 03.00 цагийн үед “Хамтдаа дуусъя” хэмээн гэр бүлийн бүх хүн рүү бензин цацаж галдсан юм.
Гэр бүлийн зургаан хүн ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байгаад амиа алдсан бол сэжигтэн Л.Наранбаатар амьд үлдсэн. Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг шүүгдэгч Л.Наранбаатарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу олон хүнийг харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын дээд хэмжээ оноох санал гаргасан юм. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Наранбаатарт 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогчдын ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, ялын дээд хэмжээ оноох ёстой байсан хэмээж байлаа.