Нутагтаа залилангийн гэмт хэрэг үйлдэж, Монголд 12 сая евро, хувийн онгоцтой ирээд хэсэг хугацааны дараа сураггүй болсон ХБНГУ-ын иргэн М.Л.Клойбер Мьянмар руу гарсан байж болзошгүй талаарх мэдээлэл байна. Энэ эртэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга Д.Цогтбаатар түүнийг тус улс руу гаргасан, гадаад паспортаа ашиглуулсан гэх таамаг байгаа бололтой юм.
“М.Л.Клойбертэй холбоотой хэргийг шалгахаар ХБНГУ-аас ирсэн хоёр мөрдөгчид энэ талаар нэлээд баттай баримт байгаа” гэж цагдаагийн ажилтны ярьснаас иш татан зарим эх сурвалж өгүүлэв. Дээрх хэргийг шалгаж байгаа манай мөрдөгчид энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй юм. Бидний олж мэдсэн зарим нэг мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан манай мөрдөгчид цагдаагийн ажилтан асан гурван ч хүнийг сэжиглэж байгаа аж. Цагдаагийн байгууллагад дээгүүр алба хашиж байсан тэр гурван хүний хоёр нь гадаадад байгаа бололтой. Тиймээс яаралтай ирэхийг дуудсан гэх мэдээлэл ч байна. Залилангийн гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний евротой Монголд буусан М.Л.Клойберийн талаар манай цагдаагийнхан мэдэж, түүнийг шалгахаар зэхэж байсан ч тэрбээр удалгүй сураггүй болсон юм байна.
Б.Галдан