Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон Харьяатын тухай хуулийг сурталчлах, байгууллагын бодлого, үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгөх зорилготой уулзалтад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хоанг Дуан Тхинь, Монгол дахь Вьетнам иргэдийн холбооны дарга Нгуен Хуй Дуан нар оролцлоо. Манай улсад 700-гаад вьетнам иргэн оршин суудгаас 400 гаруй нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлдэг иргэд визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчил гаргадаг.
Вьетнам иргэд голдуу автозасварын газарт ажилладаг. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй вьетнам авто засварын газрууд үйлчилгээний тогтсон тарифгүйгээс засварын газрын эзэн болон үйлчлүүлэгчдийн хооронд маргаан үүсэх тохиолдол цөөнгүй. Тиймээс үйлчилгээний тогтсон тарифтай болохыг тус газрын удирдлага сануулсан байна. Авто засварын газарт ажилладаг вьетнамчуудыг үндсэрхэг үзэлтэй залуусын хөдөлгөөнийхөн ирж дарамтлах, машинаа үнэ төлбөргүй засуулах зэрэг зовлон байдгийг мөн үеэр албаны хүмүүст хэлж байв. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат “Бид Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэнд хяналт тавих, зөрчилтэй иргэдийг албадан гаргахдаа аль болох тухайн хүнийг хохироохгүй, улс орны үндэсний эрх ашгийг дээдлэн ажиллахыг зорьдог.
Манай улсад хууль ёсны дагуу оршин суугаа гадаадын иргэдтэй хамтран ажиллахад бэлэн байна. Харин тухайн иргэн Монгол Улсын хууль, журмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага тооцно. Гадаадад оршин сууж, жуулчилж буй монголчууд тухайн улсын хуулийг ягштал дагадаг атал өөрийн улсын хуулийг үл тоомсорлох хандлага ажиглагддаг. Үүний нэг жишээ нь хууль сахиулж буй төрийн байгууллагуудад аливаа асуудлыг “Аргалж өгөөч” гэж ханддаг нь гадаадын иргэдэд буруу ойлголт өгдөг тул цаашид анхаарч ажиллахыг уриалж байна” гэлээ.
Э.Оргил