Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурлаар С.Наранбаатар нарын 15 хүнд холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцлээ. С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа нар иргэдийг золиослон Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд мансууруулах бодис тээвэрлүүлж байсан юм. Тухайлбал, тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа дээрх замаар хар тамхи тээвэрлүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Түүнчлэн С.Наранбаатар нь 2011 оны аравдугаар сарын 27-нд Ж.Амгалангаар “Брэндийн бараа” нэрээр халхавчлан 3.9 кг, Т.Анхбаяраар 3.7 кг героин цүнхэнд нуун Малайз улсаас БНХАУ руу тээвэрлүүлсэн байна.
Тээвэрлэгч хоёр хүн тэр даруйдаа БНХАУ-ын хил дээр баригдсан бөгөөд анхан шатны шүүхээс Ж.Амгалан гэх эмэгтэйг цагаатгаж, Т.Анхбаярт ялын дээд хэмжээ оноосон гэдэг. Харин Т.Анхбаяр нь удаа дараа зөөж байсан гэх боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Миний ачаа биш Ж.Амгалангийнх гэж бичсэнээр БНХАУ-ын шүүхээс хоёулаа ялын дээд хэмжээ сонсоод байгаа гэнэ. Дорнод аймгийн харьяат Ж.Амгалан нь ээлжийнхээ амралтаар дүүтэйгээ хамт газар үзэх гэж яваад С.Наранбаатар нарын бүлгийн золиос болсон юм.
Мөн С.Наранбаатар нарын бүлэглэлийн хар тамхийг зөөсөн хүм үүсийн дунд Э.Гоомарал, түүний эцэг Ч.Эрдэнэбаатар гэх хүмүүс бий. Охин нь 2027 грамм герион Малайзаас авчирсан бол аав нь БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор хар тамхи улсын хил нэвтрүүлжээ. Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 15-нд хэлэлцээд С.Наранбаатарт 15 жил, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт 11 жил, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт 10 жил зургаан сар хорих ял тус тус оноосон юм.
Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Улсын Дээд шүүхээс С.Наранбаатарын золиос болсон Ч.Эрдэнэбаатарын ялын зүйлчлэлийг өөрчилж, 11 жилийн хорих ялыг зургаан жил зургаан сар хорихоор хөнгөрүүлжээ. Харин бусдынх нь ялыг хэвээр үлдээв.
Г.ЦОЛМОН