Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулахаар УИХ, Засгийн газар, нийслэлийн ИТХ-ын хэмжээнд нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хэрхэн зохицуулахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн, нийслэлийн ИТХ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргалаас тодруулахад:
-Хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын хүрээнд өнгөрсөн сард Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, нийслэлийн ИТХ, мөн төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран хар тамхины хэрэглээ газар авсан Тайланд улсад очиж, хар тамхи, мансууруулах бодистой хэрхэн тэмцэх талаар туршлага судалсан. Тус улсад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөөс бүрдсэн хар тамхитай тэмцэх агенлаг байдаг юм билээ. Энэ агентлаг иргэдээс мансууруулах бодистой холбоотой мэдээллийг шуурхай хүлээн авч, бүртгэлжүүлэн холбогдох байгууллагад нь мэдээлдэг. Мөн Тайландад мансууруулах бодисонд донтсон иргэдийг удаан хугацаагаар эмчилдэг эмнэлэг байдаг юм билээ. Эмчилгээ үр дүнгээ өгч, тухайн хүн хар тамхинаас хамааралгүй болсны дараа нийгэмшүүлэхийн тулд ажилд зуучилж өгдөг. Манай улс ч энэ жишгээр ажиллах хэрэгтэй. Түүнээс биш их мөнгө зарж, хурал цуглаан, өдөрлөг хийгээд өнгөрвөл хэрэглэгчийн тоо буурахгүй.
-Манай улсад мансууруулах бодисонд донтсон хүмүүсийг эмчлэх бололцоо нь хэр вэ?
-Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн үйл ажиллагааг өргөтгөж, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай. Манай зөв лөлөөс боловсруулсан Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Төлөвлөгөөнд тусгасан ажлуудын зарим нь хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, цагдаа нарыг мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг илрүүлэх төхөөрөмжтэй болгох. Энэ ажлын төсвийг шийдсэн. Ирэх оны эхний улиралд багтаан хэрэгжүүлнэ. Түүнээс гадна сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг түргэн шуурхай явуулах зорилгоор сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг худалдан борлуулах, импортлодог аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран шалгахаар болсон. Ингэснээр сэтгэцэд нөлөөлөх эм импортлох, худалдах, хэрэглэх нь багасаж, энэ төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна. Хар тамхитай тэмцэхэд яллаж шийтгэх биш, урьдчилан сэргийлэх арга хамгийн үр дүнтэй учир ухуулга, сурталчилгааны ажил нэлээд хийж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайн байж л энэ төрлийн хэрэглээ багасаж, гэмт хэрэг буурна. Өсвөр насныхан ямар хор уршигтай вэ гэдгийг нь мэдэхгүй мөртлөө сонирхолдоо хөтлөгдөн мансууруулах бодис хэрэглэж байна.
Ч.МӨНХЗУЛ