X хорооллын замд өчигдөр өглөө автын ноцтой осол гарлаа. 76-05 УНЭ улсын дугаартай, хөх өнгийн “Тоёото вилл” маркийн суудлын машин X хорооллын замын хашлага даван хажуулдан унаж, “Сутайн буянт” компанийн 21-54 УНБ улсын дугаартай, “Ханын материал-III, IV хороолол-МУИС-Нарантуул” чиглэлийн том оврын автобус дээр нь тэгнээд гарчихсан байлаа. Замын хажууд ургаж байсан гацуурыг автобус дайрснаас хугарч, ёзоор нь булгарчээ.
Буруу талдаа жолооны хүрдтэй суудлын тэрэг замын хажуугийн зүлгэн дээр жолоочийн талаараа хөндлөн унаад базсан лааз шиг болжээ. Урд гупер нь салан, бүх цонх юу ч үгүй бутарч, машинд байсан гутал хувцас, цэвэр усны сав, тортой зүйлс газраар тарсан байв. Осол гарсан газарт X хорооллын туслах замтай нийлэх гарц байв.
Суудлын машины жолооч уг гарцаар баруун гар тийш эргээд автобусны урдуур орсон бололтой. 08.53 цагт тэнд очиход Онцгой байдлын ерөнхий газрын Аврах шуурхай салбарын аврагчид болон Яаралтай тусламжийн төвийн эмч ирчихсэн байв. Суудлын машин дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсны эмэгтэй нь жолоо барьж явсан аж. Тэд машинаас гарчихсан, эмэгтэй нь толгойгоо барин, газарт суучихаад ёолж байсан бол эрэгтэй нь түүнийг тайвшруулахаар оролдож байв. Удалгүй 103-ын эмч, жолооч болон аврагчид хамжин эмэгтэйг дамнуурган дээр хэвтүүлээд машиндаа орууллаа. Тэр эмэгтэйн толгой, хөл, гар нь бэртсэн бололтой, цус болчихсон байсан бол эрэгтэйгийнх нь толгой гэмтсэн харагдсан. Аврах шуурхай салбарын бүлгийн ахлагч Д.Шижирболд “Суудлын машинд байсан хоёр хүн биднийг ирэхэд гарчихсан байсан. Эрэгтэй нь өөрөө гараад эмэгтэйгээ хүмүүстэй хамжин, урд талын цонхоор татаж гаргасан бололтой. Эмэгтэй нь нэлээд гэмтсэн байна. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж, осол юунаас болж гарсныг тогтооно” гэж ярив. Тэднийг явсны дараа цагдаагийнхан ирж, осол болсон газарт үзлэг хийж эхэлсэн юм. Автобусны жолооч нэрээ хэлэхийг хүсээгүй ч зарим асуултад хариуллаа.
-Яагаад ийм осол гарчихав?
-Би нэгдүгээр эгнээгээр явж байсан. Гэтэл суудлын тэрэгний жолооч гуравдугаар эгнээнд явж байснаа гэнэт урдуур ороод ирсэн.
-Тэр машины жолооч эргэх дохио өгсөн үү?
-Дохиогоо ч өгөөгүй. Гэнэт л урдуур дайрсан.
-Танай автобусанд явсан зорчигчид зүгээр үү?
-Зүгээр. Гэмтсэн хүн харагдаагүй.
-Чи өөрөө зүгээр үү?
-Зүгээр.
Жолоочтой ийн хэдэн үг сольж зогстол цагдаа түүнийг дуудлаа. Үүний дараа автобусны кондуктортой уулзахад “Би автобусны хойд талд явж байсан болохоор яг юу болсныг харж амжаагүй. Гэнэт л ийм осол гарчихлаа. Өнөөдөр шугамд гараад эхний рейсээ ч бүтэн хийж амжсангүй. Манай автобусанд хоёр зорчигч зогсож, бусад нь сууж явсан. Ослын дараа зорчигчид бүгд буугаад явсны хойно нэг залуу ирээд надаас билет нэхсэн. Тэр залуу мөнгө өгөөгүй, виза карт үзүүлээд үнэгүй зорчсон юм. “Чи визагаар зорчсон учраас билет өгөх боломжгүй. Билетээр яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “Би танай автобусанд явж байсан. Үүнийгээ нотлох баримт хэрэгтэй байна. Миний толгой өвдөж байна. хойно нэг зүйл болбол яах юм бэ” гэсэн. Тэгэхээр нь “Удахгүй эмч ирнэ. Эмчид одоо шууд үзүүлчих” гэж хэлтэл яваад өгсөн” гэв. 09.28 цагийн үед өргөгч цамхагтай машин ирснээр автобусыг машинаас салгалаа.
Т.МИНЖИН