Өнгөрсөн ням гаригийн 08.30 цагт Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны замд Геологийн төв лабораторийн “Хьюндай Старекс” машин осолдож, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Машинд Геологийн төв лабораторийн удирдлагууд болон Финландын Геологийн албаны ерөнхий захирал тэргүүтэй албан тушаалтнууд явсан бөгөөд тэднээс Финланд улсын иргэн, 47 настай К газар дээрээ амиа алдаж, тус улсын гурван иргэн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар Геологийн төв лабораторийнхнаас тодруулах гэсэн боловч “Финландын дөрвөн иргэн байсан” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Тус лабораторийнхан Финланд, Монголын хамтарсан төсөл хэрэгжүүлж байжээ. Төслийн хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Финландаас төслийн удирдагчид болон албаны дөрвөн хүн Монголд иржээ. Тэд Хустайн байгалийн цогцолбор газрыг үзээд буцах замдаа ийнхүү осолдсон байна. Энэ Талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхнээс тодруулахад “Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Хустайн нуруунаас Улаанбаатар явах замд осол гарсан. Финландын гурав, нэг монгол хүн бэртэж, эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тодорхой мэдээллийг Төв аймгийн Замын цагдаагийн газрынхнаас лавла” гэв. Тус аймгийн Замын цагдаагийнхнаас болсон явдлын талаар тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байв.
Ослын газарт Онцгой байдлын болон Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажилласан бөгөөд бэртэж гэмтсэн Финландын иргэдийг “Сос медика” болон улсын эмнэлэгт хэвтүүлжээ. Финланд улсаас иргэнийхээ цогцсыг тусгай үүргийн онгоцоор авах болсноо мэдэгдээд байгаа гэнэ.
О.Ундрах