Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг цагдан хорьсны дараа хүү Энхбат болон уг хэргийн өөр нэг холбогдогч Батаа нарыг батлан даалтад гаргаад буй гэнэ. Н.Хүрэлбаатарыг батлан даалтад гаргахаар болж буй талаарх мэдээлэл тараад буй ч хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэв. Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын хэрэгт холбогдсон зургаан хүний тавыг нь батлан даалтад гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
НПГ, УМБГ-аас хэрэгт ач холбогдол болохуйц нотлох баримтуудыг цуглуулж чадсан, сэжигтэн, яллагдагч нар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахг үй гэж үзээд Н.Түмэндэмбэрэлээс бусдыг нь батлан даалтад гаргажээ. ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг цагдан хоригдсон цагаасаа өлсгөлөн зарласнаас болж, эрүүл мэнд нь муудсан гэнэ. Тиймээс түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилснийг эх сурвалж хэллээ.
Дашрамд дурдахад, С.Батзоригийн ахынх нь компанийн нэрээр ГССҮТ-д байсан дүрс оношлогооны тоног төхөөрөмжийг тус эмнэлгээс гаргасан байна.
Г.ОРЧЛОН