Лениний музейн сан хөмрөг, үзмэр алга болсон байж болзошгүй хэмээн ССАЖЯ-наас ЦЕГ-ын даргад хандаж байсан билээ. Тус яамнаас Лениний музейд тухайн үед хадгалж байсан үзмэрүүдийг МАН төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн үзмэрүүдийн ерөнхий бүртгэлийн дэвтэр хаана байгаа нь мэдэгдэхгүй, үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж тус яамныхан ЦЕГ-ын даргад өгсөн хүсэлтдээ дурдсан байсан юм.
Энэ хүсэлтийнх нь дагуу цагдаагийн байгууллагаас музейн үзмэр алга болсон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэр хаана байгааг тогтоохоор шалгасан байна. Шалгалтаар алга болсон хэмээн дурдсан хэд хэдэн үзмэр болон музейн ерөнхий бүртгэлийн дэвтрийг МАН-ын архивт хадгалж буйг тогтоожээ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас Лениний музейн үзмэр дутаагүй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж буй гэнэ.
Г.РАВЖАА