Дэлхийн 190 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Роналд Кеннет Нобель манай оронд албан ёсны айлчлал хийж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, бригадын генерал Б.Билэгт нартай уулзаж ярилцав.
Энэ үеэр үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, мөнгө угаах, кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх, туслалцаа үзүүлэх тухай харилцан санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа гадаад, дотоодын иргэдийн биеийн байцаалт, иргэний бичиг баримтад хяналт тавих, кибер, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран үр дүнтэй тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо.
Уулзалтын төгсгөлд Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Монгол руу мэргэжилтнүүдээ ирүүлж, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөгч, цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт хийнэ гэв.
Г.ЦОЛМОН