Дайны эрсдэлийн даатгал нэрээр 9.3 тэрбум төгрөг угаасан хэрэгт холбогдсон долоон хүний зургаагийнх нь гэм бурууг хоёр өдрийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн хурлын танхимд хэлэлцэж шийдвэрлэлээ. Өнгөрсөн даваа гаригт шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед Н.Гантөмөрийн өмгөөлөгч С.Жанцан хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Шүүх бүрэлдэхүүн түүний өмг өөлөг чийн хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан тай гэж үзээд Н.Гант ө мө рийн хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр болсон юм. Шүүх хурлын эхний өдөр прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгох, шүүгдэгчдийн биеийн байцаалттай танилцах, өмгөөлөгч, прокурорын яллах, цагаатгах, нотлох баримт шинжлэн судлах зэрэг ажиллагаа явуулсан бол хоёр дахь өдрийн хурал МИАТ-ын гэх хэргийн гэрчүүдийн мэдүүлгийг сонсох ажиллагаагаар эхэлсэн. Гэрчээр Төв аймгийн Цээл сумын иргэн С.Туяа оролцож, “Голомт” банкинд данс огт нээлгээгүй, найз Г.Саранчимэг регистрийн дугаарыг минь утсаар асууж байсан, би мөрдөн байцаалтын шатанд банкны дансны талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн” хэмээн тайлбарласан байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Намайг МИАТ-ын захирлаар ажиллаж байх үед Дайны эрсдэлийн даатгал гэж байгаагүй. Энэ гэрээ надаас хойш хийгдсэн юм шиг байна лээ” гэж мэдүүлжээ. Харин Зам тээврийн яамны газрын дарга Б.Махбал хуралд гэрчээр оролцож, анх өргөдөл гаргасан, их хэмжээний мөнгө нааш цааш шилжиж эхэлсэн талаар тайлбар өгчээ. Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорын мэтгэлцээн, яллах, цагаатгах талын ялын шүүмж зэргийг сонсоод, шүүгдэгчдийн эцсийн үгийг сонссоноор 22.35 цагт анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дуусан хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд оров. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, Ч.Отгонбаяр, Л.Ганзориг нарын шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохтой нь зэрэгцээд улсын онцгой объектод багтдаг Цагдан хорих төвд цахилгаан тасарсан юм. Уг нь улсын онцгой объект цахилгааны хоёр талын эх үүсвэртэй байх ёстой ч Цагдан хорих төвд тийм зүйл байгаагүй, өөрсдийнхөө дизель станцыг ажиллуулсан ч мөн л эвдэрснээс өчигдөр 16.00 цаг хүртэл цахилгаангүй байсан талаар эх сурвалж мэдээллээ. Шүүх бүрэлдэхүүн хурал тасралтгүй явах ёстой гэсэн зарчмын үүднээс лааны гэрэлд шийтгэх тогтоолоо бичиж, уншиж танилцуулсан юм.
Шүүх бүрэлдэхүүн дөрвөн цагийн турш зөвлөлдөөд энэ сарын 12-ны 01.35 цагт шийдвэрээ гаргажээ. Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, Г.Саранчимэг нар 17 удаагийн үйлдлээр 7.2 сая ам.доллар буюу 9.3 тэрбум төгрөгийн хохирлыг МИАТ компанид учруулсан гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгийг хүлээн авч, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргаж онц их хэмжээний орлого олсон хэрэгт гэм буруутайд тооцож, Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт 11 жил нэг сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн МИАТ компанид учирсан 9.3 тэрбум төгрөгийн хохирлыг дээрх хүмүүсээс тэнцүү хэмжээгээр гаргуулж төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон, битүүмжлэгдсэн дөрвөн тэрбум гаруй төгрөг, зарим компанийн хувьцаа, орон сууц, автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Түүнээс гадна шүүгдэгчдээс тодорхой хэмжээний эд хөрөнгө хураах ял давхар ногдуулсан байна.