УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, Интерполоор эрэн сурвалжилж байсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар шавь нараараа дамжуулан “Энэ сарын 7-нд эх орондоо очно” гэж дуулгасан билээ. Тэрбээр хэлснийхээ дагуу өнгөрсөн баасан гаригийн 22.10 цагт “Кореан эйр” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн юм. Онгоц газардахаас өмнө цагдаагийнхан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хамгаалалтад авсан байв.
Сайд асан Н.Хүрэлбаатарыг Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтэст цаг гаруй хугацаанд саатуулан тайлбар авч, эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хорих тухай тогтоол танилцуулан баривчилжээ. Цагдан хорих үндэслэлээ танилцуулсан цагдаагийнхан 01.40 цагийн үед түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хүргэхээр Цагдаагийн хэлтсийн байрнаас гарав. Энэ үеэр Н.Хүрэлбаатар сэтгүүлчдэд хандан “Миний холбогдсон асуудлын үнэн мөнийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна. Арай ч хэлмэгдүүлчихгүй байх. Үнэн ялна. Энд улс төрийн ямар нэг шалтгаан бий байх” гэснээс өөр зүйл хэлэх боломж цагдаагийнхан олгосонгүй. Түүнийг мөнгө угаасан, авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан УМБГ-т шалгаж байгаа.
Н.Хүрэлбаатарын хүү Энхбатынхаас алдагдсан төмөр шүүгээтэй 600 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юанийг гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж буй юм. Н.Хүрэлбаатарын нууц хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотоос 2011 оны хавар дээрх хэмжээний юань алдагдсан юм. Тухайн үед бид энэ талаар мэдээлж байсан, хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгалгүй өнгөрөөсөн. Тэгэхэд Энхбатын найз бүсгүйг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд Н.Хүрэлбаатарын хүү рүү “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж илгээсэн байдаг. Улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа бичсэн гэдэг.
Г.ЦОЛМОН