Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдсэн УИХ-ын гиш үүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдаагийнхан баривчилсан нь сүүлийн өдрүүдийн нэг дуулиан болоод байна. Төрийн нүд, чих гэгдэх тагнуулчид нууцлах ёстой нууцаа санаатай, санамсаргүйгээр алдаж, үе үе томоохон хэрэгт холбогдох болсон. Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарын холбогдож буй хэрэг нэлээд ноцтой байж болохоор байна.
Цагдаагийн байгууллагаас тараасан албан ёсны мэдээллээр бол түүнийг алга болсон гадаадын нэгэн иргэний хэрэгт сэжиглэж байгаа бололтой юм. Бидэнд олдсон мэдээллээр тэр алга болсон гээд байгаа хүн нь ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер юм байна. Тэрбээр 2004 онд манай улсад иржээ. Энэ хүн жирийн нэг иргэн, жуулчин, бизнесмен ч биш аж. Түүнийг ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвал жилж буй гэнэ. Учир нь тэр бээр нутагтаа луйврын томоохон хэрэгт холбогджээ.
М.Л.Клойбер Монголд хуурамч нэрээр, хувийн онгоц хөлөглөн 12 сая евротой ирсэн юм байна. Тэрбээр Монголд тансаг амьдарч байсан аж. Хамтран амьдарч байсан монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй хэд хэдэн машин авч өгчээ. Монголд нуугдан амьдарч байхдаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан аж. Энэ хүний сураг тэгс хийгээд алдарчээ. Одоо үхсэн, амьд, эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс түүнтэй ойр харилцаатай байсан Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж буй аж. Түүнийг зөвхөн энэ хэргээр ч бус, шалгах шаардлагатай өөр ч асуудал байгаа юм байна.
Д.ДАГВА