Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг албан тушаал, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж буй талаар уржигдар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Н.Хүрэлбаатарын шавь, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөр, Б.Дамдиндорж нар багшийнхаа мэдэгдлийг хэвлэлийнхэн танилцуулав. Н.Хүрэлбаатар “Хууль хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрэв намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр ЦЕГ-аас намайг эрэн сурвалжилж буй тухай хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Тиймээс миний бие энэ мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин 2013 оны зургадугаар сарын 7-нд эх орондоо очихоор боллоо. Би Сингапур улсад “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавьж оролцон, Хонконг, Малайз, Сингапурт ахмад настнуудад эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж судалж байсан юм. Би эрүүгийн хэрэгт холбогдож, Монгол Улсын хуулийг зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй” хэмээжээ.